Ж.Батбаясгаланг 84,4% саналаар НИТХ-ын даргаар сонголоо
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ)-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр /2020.10.23/ анхдугаар хуралдаанаа хийж байна. Хурлыг 11:00 цагт товлосон ба өмнө нь НИТХ дахь АН болон МАН-ын бүлгүүд хуралдав. Хуралдааныг нээж төлөөлөгчдийн хамгийн ахмад нь болох Р.Дагва үг хэлэв. Тэрбээр хуулийн дагуу өнөөдрийн хуралдааныг удирдаж байгаа ба 1966 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрсөн, 54 настай юм.
Хуралдааны эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагвыг, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг тус тус сонголоо.
Дөнгөж сая НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, 45 төлөөлөгчийн 84.44 хувийн саналаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонголоо. НИТХ дахь намын бүлгүүдээс НИТХ-ын даргад хэн нэгнийг нэр дэвшүүлсэнгүй. Түүнийг НИТХ-ын даргаар сонгохыг нийт төлөөлөгчдийн 38 нь түүнийг дэмжиж, 7 төлөөлөгч санал өгөхөөс татгалзав.
НИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхийн өмнө түүнээс хоёр төлөөлөгч асуулт асуусан юм.
Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан "Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр хоёр удаа ажиллаж байсан. Улаанбаатар хотын "Аз жаргалын индекс 92 хувь байна" гэдэг дээр байр сууриа илэрхийлээч" гэхэд НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмний өгсөн үнэлгээг та бүхэн харж байгаа болов уу. Бид агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чадсан. Хууль бусаар олгогдсон олон газрыг иргэдэд хүлээлгэн өгсөн. Бүх асуудлыг шийднэ гэдэг хэцүү. Би дүн тавихаас илүү иргэдийн өгсөн дүнг хэлэлцэж баталгаажуулсан" гэв.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Та, Улаанбаатар хотын хамгийн өндөр хариуцлагатай албыг хаших гэж байна. Ирэх дөрвөн жилийг хариуцлагагүй нөхдүүдтэйгээ удирдах юм биш биздээ. Та бүхэн Улаанбаатар хотыг 92 хувийн аз жаргалтай байна гэж дүгнэсэн. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хариуцлагагүй ажиллаж байгаа нөхөдтэй ямар хариуцлага тооцох юм бэ" гэсэн асуулт тавьж, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан "Хариуцлага алдсан хүмүүсийн цалингийн хувийг бууруулсан. Хариуцлага алдсан нэг ч хүнтэй эвлэрэхгүй. Энэ удаад сонгогдсон 45 төлөөлөгч миний энэ байр суурьтай нэг байна гэдэгт итгэж байна" гэсэн хариулт өглөө.
Ж.Батбаясгалангийн хувьд Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшиж, 11,363 иргэний санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. НИТХ-ын найм дахь дарга болж байна.
Сануулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс Хотын даргад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн НИТХ-ын даргад одоогийн Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгаланг томилох шийдвэрийг гаргасан билээ.
Одоо хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдээ сонгож байна. Нийт 11 Тэргүүлэгч сонгоно. МАН-аас найм, АН-аас 2, ХҮН-аас 1 тэргүүлэгч сонгох юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.