Монголын эмэгтэй шатарчдын баг "Азийн цом 2020" цахим тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа

Монголын эмэгтэй шатарчдын баг "Азийн цом 2020" цахим тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа

Шатрын Ази тивийн цомын аварга шалгаруулах цахим тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр /2020.10.24/ боллоо. Энэ тэмцээнд өрсөлдсөн Монголын эмэгтэй шатарчдын баг хүрэл медаль хүртэх болзлоо хангасан байна.
Ази тивийн шатрын холбооноос Азийн цомын аваргын тэмцээнийг 2 жил тутамд нэг удаа явуулдаг уламжлалтай. Энэ жил "Ковид-19" цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр явагдлаа. Тэмцээнд Ази тивийн найман бүсээс 38 орны эрэгтэй, 31 орны эмэгтэй багийн тамирчид оюун ухаанаа сорилоо. Манай эрэгтэй шатарчдын баг Швейцарь системээр 9 өрөг хэсгээсээ гуравдугаар байраар шалгарч шилдэг наймд шалгарсан ч энэ шатанд Энэтхэгийн багт хожигдож шилдэг наймд шалгарсан амжилтаар тэмцээнээ дуусгажээ.
Харин эмэгтэй шатарчдын баг 9 өргийн дараа хэсгээсээ тавдугаар байраар шалгарч шөвгийн наймд шалгараад, Вьетнамын багийг хожиж шилдэг дөрөвт шалгарсан юм. Өнөөдөр тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан буюу хагас шигшээд шалгарсан Монголын эмэгтэй шатарчдын баг Энэтхэг Улсын багтай учраа тааран тоглож хоёр тоглолтын нийлбэрээр 2-0 харьцаатай хожигдсон байна. Ням гарагт Энэтхэг, Индонез Улсын эмэгтэй шатарчдын багууд Азийн цомын тэмцээний тэргүүн байрын төлөө тоглох эрхтэй боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.