Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй бие бүрэлдэхүүнийг хариуцлагатай ажиллахыг анхааруулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шуурхай штабын дарга-Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто коронавирусний халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд өнөөдөр очиж, ажил байдалтай танилцлаа.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн алба зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар анхааруулав. Мөн цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээр зөвлөгөө өгч, авах арга хэмжээг шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай товчоодын үйл ажиллагаа, ажиллах орчин, нөхцлийг сайжруулах зорилгоор дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлж байна.
-Өлзийт товчооны байрыг сайжруулах.
-Баруун туруун товчооны байрны тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн асуудалд анхаарч, зохих арга хэмжээг авах.
-Бүх товчоон дээр ажиллах хүний нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдвэрлэх.
-Товчоо бүрт зайнаас халуун хэмжигчийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах.
-Товчоон дээр ажиллаж буй бүх албан хаагчдыг амны хаалтаар хангах, дархлааг дэмжих, витаминжуулах.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.