Ирээдүйн мэргэжилтэй ажилтнууд “БОЛОМЖИЙН ЭРЭЛ”-д гарчээ
ХБНГУ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны даалгавраар Герман, Австрали, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг сонгон суралцаж байгаа ирээдүйн эдийн засгийн хөдөлгөгч хүч мэргэжилтэй ажилтнуудыг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, аж үйлдвэртэй танилцах аяллыг зохион байгуулжээ.
Төслийг “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-той хамтран хэрэгжүүлсэн бөгөөд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын долоон сургуулийн 140 гаруй оюутныг аж ахуй нэгж, байгууллагууд үйлдвэрүүдтэй танилцуулах аялал, хөдөлмөрт бэлтгэх сургалтыг өнгөрсөн оны 11,12 дугаар саруудад зохион байгуулсан юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчид үйлдвэртэй танилцаж, өөрсдийн мэргэжлийн ажил дээрх бодит ойлголтыг авахын зэрэгцээ хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй уулзаж, чөлөөт яриа өрнүүлэн, өөрт хэрэгтэй мэдээллээ олж авах бололцоогоор хангасан юм. Ирээдүйн ажлын байрныхаа талаарх ойлголттой болж, хөдөлмөрт бэлтгэх боломжийг эрэлхийлэх энэ үйл ажиллагааг “Боломжийн эрэлд” хэмээн төслийн багийнхан нэрлэжээ.
Тодотговол, монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хөдөлмөрт бэлтгэх танхимын сургалтаар дамжуулан суралцагсад хэрхэн ажлын байрны мэдээллийг хайх, бүрдүүлэх бичиг баримт, ажилд орох бэлтгэлээ хэрхэн хангах болон ажил эрхлэх нөхцөл боломжийг тогтоох зэрэг мэдээллийг оюутан залуучуудад өгч хөдөө орон нутгийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын оюутнуудыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудтай танилцуулах аяллыг үе шаттайгаар зохион байгуулсан нь энэ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Өмнөговь болон Дорнод аймгийн политехникийн коллежийн нийт 40 оюутныг Улаанбаатар хотод сургалтад хамруулжээ. Эдгээр оюутныг “Хасу мегават ХХК”, “ТЭЦ-4” ТӨХК, “Вагнер-Ази ХХК” болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа Зорчигч тээврийн депогийн үйл ажиллагаатай танилцуулсан байна. “Боломжийн эрэлд” төслийн дараагийн хөтөлбөрт Дархан-Уул, Завхан аймгийн политехникийн 40 оюутан хамрагдаж, тэдгээр оюутнууд техник технологийн политехникийн коллежийн лабораторигүй танилцуулахаас гадна “Эрэл групп” ХК-ийн үйлдвэр, “Делта констракшн” ХХК, “Одкон холдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн орчин, тоног төхөөрөмжтэй танилцсан. Мөн тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын политехникийн коллежийн оюутан залуусыг Орхон аймгийн томоохон, үйлдвэр аж ахуй нэгжүүдтэй танилцуулах аяллыг ч зохион байгуулсан юм. Тус аялалд оюутан залуусаас гадна коллежийн багш нар оролцсон гэдгээрээ ихээхэн онцлогтой. Энэ үеэр үйл ажиллагаанд оролцсон албаны хүмүүс болон оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга Э.Энхжаргал:
-Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа политехник коллежийн хүүхдүүдийг арваннэгдүгээр сард Улаанбаатар хотод томоохон үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагуудтай танилцуулж, хөдөлмөрт бэлтгэх, өөрийгөө хэрхэн яаж бэлтгэх зэрэг ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан. “Боломжийн эрэлд” хөтөлбөрийн хүрээнд бид хагас өдрийн хөтөлбөрийн моделийг гаргасан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд сурч байгаа хүүхдүүдийг хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр тус модулийг боловсруулсан нь гол онцлог нь. Төгсөөд хүүхдүүд аж ахуй нэгжүүдэд ажилд орохдоо ярилцлагад орохдоо хэрхэн анхаарах, бодит байдлыг харах зэрэгт сургах үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулсан гэж хэлж болно.
“Эрэл групп” ХХК-ийн байшин үйлдвэрлэлийн комбинатын гүйцэтгэх захирал С.Батболд:
-Орчин үеийн хүүхдүүдийн хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Бид шинэ ажилтан сонгохдоо ч гэсэн тухайн хүний хандлагыг чухалчилдаг болсон. Чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөх хүнийг сонгох тал дээрээ анхаарч байгаа. Үйлдвэр маань автомат үйлдвэр учраас цөөн тооны хүний бүрэлдэхүүнтэй удирдаж хянах ажиллагаа л явагддаг.
“Одкон холдинг” ХХК-ийн Дулаан хангамжийн инженер Б.Золбаяр:
-Манай байгууллага шинээр ажиллаж байгаа албан хаагчдадаа тогтвор суурьшилтай ажиллах шаардлагыг тавьдаг. Өөрсдийн хичээл зүтгэлээр зэрэглэлээ ахиулах бүрэн боломжтой. Мэргэжилдээ дур сонирхолтой, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.
Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төслийн удирдагч Беати Диппмар:
-Уг хөтөлбөрт хамрагдсан мэргэжлийн боловсрол сургалтын сурагчид нь аж ахуй нэгж компаниудаар зочилж танилцахаас гадна, ирээдүйд өөрсдийнхөө ажиллах боломжтой үйлдвэрүүдийг үзэж сонирхоно. Сурагчид сургууль дээрээ онол дадлагаар дамжуулан ур чадварыг эзэмшдэг бол компаниудаар зочлон тэрхүү ур чадвар хэрхэн ашиглагдаж байгааг мэдэж авна. Эдгээр 140 сурагч ирээдүйн ажлын байруудаа судалж байгаадаа тун баяртай байгаагаа бидэнтэй хуваалцсан.
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар:
-Энэ хөтөлбөр амжилттай болохын бол бид нар ирэх жилээс эхлээд мэргэжлийн бус сургалтын хуульд тодорхой заалтуудыг оруулаад хүүхдийг сурч байх хугацаанд нь үйлдвэрлэлийн дадлага хийлдэг. Мөн үйлдвэрлэлийн дадлага хийх гээд очихдоо хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдлэг чадварыг хүүхдүүдэд эзэмшүүлэх зэргийг тусгахаар ажиллаж байна. Сургалтын байгууллага зөвхөн орон нутгийнхаа аж ахуй нэгжтэй харилцах биш илүү цар хүрээ тэлж бусад аймаг хотын аж ахуй нэгжүүдэд түншлэлээ хөгжүүлэх бололцоо байдаг гэдгийг энэ төслийн үр дүнд харуулахыг зорьсон. “Боломжийн эрэлд” төсөлд хамрагдсан 140 оюутан эдгээр танилцсан компани, үйлдвэрүүддээ дадлага хийх цаашлаад ажлын байраар хангагдах бүрэн боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа.
ТЭЦ-4 ТӨҮГ-ын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Б.Амаржаргал:
-Манай байгууллага гэрээний үндсэн дээр оюутнуудыг дадлагажуулан сургаж байгаа. Мэргэжлийн боловсролын түвшинд бол 50 орчим ажлын байран дээр ажилтан шалгаруулж авдаг. Дагалдан суралцах хөтөлбөрийг манай үйлдвэр хэрэгжүүлдэг.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн харьяа зорчигч тээврийн депогийн хүний нөөцийн албаны дарга Н.Нямтөр:
-Манай туслах цехүүдэд механик цехүүд гэж байдаг. Энэ дээр сэлбэг бэлтгэгч дээр гагнуурчин, токерчиноор төгссөн хүүхдүүдийг авдаг. Мэргэжил сургалтын төвийг төгссөн хүүхдүүдийг түлхүү авдаг. Манай депод ирээд ажиллах бүрэн боломжтой. Анкетаа бөглөөд өгсөн тохиолдолд орон тоо шинээр гарсан үед сонгон шалгаруулалтаар авна.
Дорнод аймгийн Политехникийн коллежийн оюутан Б.Санчир-Од:
-Манай политехникийн коллежоос 20 хүүхэд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан сургалтад суусан. Одоо “Вагнер-Ази” компанийн үйл ажиллагаатай танилцаж байна. Энэ компани нь металл боловсруулалт хийдэг. Өмнө нь ТЭЦ-4 компани дээр очсон. Түлшний цех, механикийн цехтэй нь танилцсан.
Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн оюутан Т.Халиун:
-Сургуулиа төгсөхөөсөө өмнө ийнхүү үйлдвэрүүдтэй танилцуулж байгаад баяртай байна. Гагнуурын ажлыг зөвхөн эрэгтэй хүн бус эмэгтэй хүн ч хийж чаддаг. Бид бол монголын ирээдүйн энэ мэргэжлээрээ цаашдаа ажиллана гэдэгтэй баяртай байна.
Завхан аймгийн политехникийн коллежийн оюутан А.Балгансүрэн:
-Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаад явахад их сайхан байна. Бүх зүйл нь цахилгаан багажаар явагддаг нь их таалагдлаа.
Дархан-Уул аймгийн политехникийн коллежийн оюутан М.Баасансүрэн:
-Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр барилгын цахилгаан нь явагдаж байгаа нь их таалагдлаа. Цахилгааны мэргэжлийг илүү эзэмших хүсэл төрлөө.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.