Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2000 давжээ
МОСКВА. /РИА Новости/. БНХАУ-ын Хубэй мужид коронавирусээр 62031 хүн халдварлаж, коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 2029 болж нэмэгдсэн бол 10337 хүн эдгэрчээ. Энэ тухай Бүс нутгийн эрүүл мэндийн хороо мэдэгдсэн байна.
Тус мужид шинээр халдварласан 349 тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 108-аар нэмэгдсэн байна. Эмнэлэгт 43000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 9 мянга гаруй хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ.
Төв хэсгийн Хубэй мужийн Ухань хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа өвчин дэгдсэн тухай Хятадын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 2019 оны 12 дугаар сарын 31-нд мэдэгдсэн юм. Удалгүй өвчин үүсгэгч нь шинэ коронавирус болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусний дэгдэлтийг олон улсын хэмжээнд гарсан онцгой байдал гэж хүлээн зөвшөөрч, “COVID-19” хэмээх албан ёсны нэршлийг өгсөн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.