Байден: Амны хаалт зүүх нь олон арван мянган хүний амь насыг аварна
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден амны хаалт зүүснээр цар тахлыг хяналтад авч, олон мянган хүний амь насыг аварч, сургууль, аж ахуй нэгжүүдийг нээх боломжтой болно хэмээн мэдэгдээд, амны хаалт зүүхийг америкчуудад уриаллаа.
“Та бүхэн хэнд саналаа өгсөн, аль намыг дэмждэг, ямар үзэл бодолтой байхаас үл хамааран амны хаалт зүүх хэрэгтэй. Хүн бүр ирэх саруудад амны хаалт зүүснээр олон арван мянган хүний амь насыг аврах боломжтой” гэж Ж.Байден мэдэгджээ.
АНУ даяар коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй үед Ж.Байден ийнхүү хэлжээ. Халдварт өвчин судлаачид, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн хувьд цар тахлын хүнд өдрүүд ирж буйг анхааруулсаар байгаа юм.
АНУ-д өнгөрсөн ням гарагт халдварын 105900 тохиолдол шинээр илэрснээр долоон өдрийн дундаж үзүүлэлт 108700-д хүрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 33 хувиар өссөнийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулжээ.
Мөн Ж.Байден цар тахалтай тэмцэхэд шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ. “Би та бүхнээс амны хаалт зүүхийг гуйж байна. Өөрийнхөө төлөө, хөршийнхөө төлөө амны хаалтаа зүү. Амны хаалт бол улс төрийн мэдэгдэл биш боловч улс орныхоо төлөө хүчээ нэгтгэх эхлэл юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.