Коронавирус халдварт ТОМУУНЫ ХЭЛБЭРЭЭР орших боломжтой
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний нийт тоо 75322 хүрч, эх газрын Хятад улсад 74185 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нийт 2120 өвчтөн нас барсан бол 14452 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Хубэй мужид нэг хоногийн дотор 349 шинэ тохиолдол илэрч, нас барсан хүний тоо 108-аар нэмэгдэв. Одоогоор эмнэлэгт 43 мянган хүн эмчлүүлж байгаагаас есөн мянган өвчтөний биеийн байдал хүнд байна.
- Коронавирусийн дэгдэлтийн оргил үе өнгөрч, халдвар авсан ихэнх өвчтөнүүд хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байна гэж Хятадын эрдэмтэд үзэж байна. Тэд энэ сарын 11-ний байдлаар COVID-19 вирусээр халдварласан, сэжигтэй, оношлогдсон, шинж тэмдэг илрээгүй ч халдварласан нийт 72 314 тохиолдлыг судалжээ. Уханьд шинэ төрлийн коронавирусийн халдвар анх илэрснээс хойших хугацаанд Хятад улсын нутаг дэвсгэрт нийт 72 мянга гаруй хүн халдварлаж, 2000 гаруй хүн нас барсан. Ингэхдээ халдвар авагсдын 80.9 хувь нь хөнгөн хэлбэр, 13.8 хувь нь хүнд хэлбэр, 4.7 хувь маш хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Нас баралтын түвшин 2.3 хувь байна. Ингэхдээ эрэгтэй өвчтөнүүдийн дунд нас баралтын түвшин 2.8 хувьтай байгаа бол эмэгтэйчүүдийн дунд 1.7 хувьтай байна. Түүнчлэн, нас баралтын түвшин 39 хүртэлх насныхны дунд 0.2 хувь, 40 настнуудын дунд 0.4 хувь, 50 настнуудын дунд 1.3 хувь, 60 настай өвчтөнүүдийн дунд 3.6 хувь, 70 настнуудын дунд 8.0 хувьтай байна. Нас баралтын түвшин 80 болон түүнээс дээш насныхны дунд хамгийн өндөр буюу 14.8 хувьтай байна.
- БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос коронавирусийн эмчилгээний үеэр хэрэглэх эм, бэлдмэлийн зургаа дахь удаагийн жагсаалтыг гаргажээ. Үүнд Рибавирин, Лопинавир/Ритонавир, Интерферон альфа болон Abidol эм, бэлдмэл орсон байна. Зөвлөмжид нэгэн зэрэг дурдсан эм, бэлдмэлээс гурваас дээшгүйг хэрэглэх, эмчилгээний хугацаа 10 дээшгүй хоног үргэлжлэх ёстой аж.
- Хятад улсад тархаад буй COVID-19 вирус цаг хугацааны явцад архаг өвчин, халдварт томууны хэлбэрээр оршин тогтнож болзошгүй гэж Хятадын инженерийн ухааны академийн дэд ерөнхийлөгч, хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчин судлаач Ван Чэнь үзэж байна. SARS вирусийн халдварын болон хоруу чанар маш хүчтэй байсан тул шинэ төрлийн коронавирус гэнэт гарч ирж, гэнэт алга болох шинжтэй аж. Ийм хүчтэй халдвар, хоруу чанартай вирус хялбар оршин тогтнож, хүнээс хүнд дамжсаар байдаггүй гэнэ. Дотор нь амьдарч буй организмыг хөнөөхдөө вирус өөрөө устаж үгүй болдог. Харин шинэ төрлийн коронавирусийн тухайд архаг хэлбэрт шилжиж, удаан хугацааны турш халдварт томууны хэлбэрээр оршин тогтнож болзошгүй гэж тэрбээр ярьжээ.
- Шинэ төрлийн коронавирус битүү орчинд өндөр даралтад шүршигчээр дамжин халдварлах боломжтой гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдэгдэлд дурджээ.
- Ираны Кум хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан Ираны хоёр иргэн нас барсан тухай тус улсын эрүүл мэндийн яамнаас баталжээ. Ираны бусад хот, мужуудад коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Нас барсан өвчтөнүүд Хятадаас ирсэн эсвэл Хятадын иргэдтэй хавьталд орж байгаагүй байна. Тус яамны халдварт өвчин судлалын хороо талийгаачид хэрхэн халдварласныг судалж байна.
- БНСУ-д шинэ төрлийн коронавирустийн халдвар авсан 31 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний нийт тоо 82 хүрээд байна. Шинэ тохиолдлын 30 нь Умард Кёнсан муж болон Тэгү хотод илэрсэн бол нэг нь Сөүл хотод бүртгэгджээ. Тэдний 23 нь нэг сүмд очдог байсан бөгөөд 31 дэх халдвар авсан хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталд орж байсан аж. Хоёр нь эмнэлэгт халдвар авсан бол тав нь хэрхэн халдварласан нь одоогоор тодорхойгүй байна.
- Арабын Нэгдсэн Эмирт Улс Ухань хотоос Йемений 150 оюутныг нүүлгэн шилжүүлжээ. Тэд эх орондоо харихаасаа өмнө АНЭУ-д эмчийн үзлэгт хамрагдах гэнэ. Үүнээс өмнө Йемений оюутнууд Аль Жазира сувагт Ухань хотоос гаднын бүх оюутнууд буцсанаас хойш Йемений 170 оюутан тус хотод үлдэж, эрх баригчид нь тэднийг нүүлгэн шилжүүлэх талаар арга хэмжээ авахгүй байна гэж ярьж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.