М.Энхсайханд "Хорлон сүйтгэх" зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ
АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж шалгасан ч сулласан бөгөөд АТГ-аас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа юм.
Харин М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйл буюу "Хорлон сүйтгэх" зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн талаар тэрбээр өөрөө цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрбээр "Прокуророос дуудлаа, очлоо, сонслоо..ТТ төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж...(Хашилтанд Яллах дүгнэлтийн томьёолол) "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" ЭХ 19.6-1-ээр зүйчилж..анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй. Элбэгдорж, Сайханбилэгийг хамт яллах гэсэн боловч байхгүй тул хэргийг тусгаарласан бололтой. Ихэд яарч байна даа. Дээрээс хэн захиалаад байгаа нь ойлгомжтой доо" гэжээ.
19.6 дугаар зүйл буюу Хорлон сүйтгэх
1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.