ӨАБНУ-ын ерөнхийлөгч олон улсын нислэгийг сэргээхийг зөвшөөрчээ

ӨАБНУ-ын ерөнхийлөгч олон улсын нислэгийг сэргээхийг зөвшөөрчээ

Өмнөд Африкийн Бүгд Найрамдын Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса олон улсын агаарын тээврийн хөдөлгөөнд тавьсан шаардлагуудаа сулруулж буйгаа мэдэгдсэн байна.

“Шаардлагатай эрүүл мэндийн бичиг, коронавирусний шинжилгээнд хамрагдсаныг нотлох баримт бичгүүдийг олгох дүрэм журам мөрдөгдөж буй нөхцөлд бүх улс оронтой олон улсын нислэг үйлдэхийг зөвшөөрч байна” хэмээн тэрбээр цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдлаар ард иргэддээ хандан үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

ӨАБНУ коронавирусний халдварын тохиолдлын тоо өндөр буй улс орнуудаас ирэх иргэдийн нэвтрэх эрхийг хязгаарлаж, гадаад орнуудтай агаарын тээврийн харилцаагаа зургаан сар завсарласны эцэст 10 дугаар сарын 1-нээс сэргээсэн юм. Одоогоор халдвар авсан тохиолдол өндөр, ӨАБНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхэд хязгаарлалт тогтоосон улс орнуудын жагсаалтад 22 улс багтжээ. ОХУ, Энэтхэг, Бразил, АНУ, Герман, Франц тэргүүтэй эдгээр 22 улсын зорчигчид одоогоор ӨАБНУ руу шууд нислэг үйлдэх боломжгүй аж.  

Гэсэн ч одоогийн төрийн тэргүүнийх нь мэдэгдсэнээр ойрын хугацаанд энэ зүйл заалтыг өөрчилж, бүх улс оронтой нислэг үйлдэх боломжтой болгох аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.