Трампын засаг захиргаа хуситуудыг террорист гэж зарлахаар төлөвлөж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Иран улсын дэмждэг Йемений хусит босогчдын “Ансар Аллах” хөдөлгөөнийг гадаадын террорист байгууллага гэж зарлах гэж байгаа тухай “Foreign Policy” сэтгүүл дипломат эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.
“Эрх баригчид энэ талаар хэсэг хугацаанд бодож байсан боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео төлөвлөгөөг хурдасгахыг хүсэж байгаа" гэж эх сурвалжуудын нэг хэлсэн байна.
“Foreign Policy” сэтгүүлд мэдээлснээр, дээрх шийдвэрийг Герман, Шведийн эрх баригчид, мөн олон улсын зарим байгууллагын удирдлагууд шүүмжилсэн байна. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Йемен дэх тусгай төлөөлөгч Мартин Гриффитс хуситуудын хөдөлгөөнд дээрх статусыг өгөхөөс татгалзахыг АНУ-аас шаарджээ. Аравдугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш тус байгууллагад суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Келли Крафтад хандаж, төлөвлөгөөгөө эргэж харахыг хүсжээ.
Америкийн эрх баригчид энэ асуудлаар хоорондоо санал зөрөлдөөнтэй байгаа аж. Пентагон, Төрийн департаментын зарим албан тушаалтан болон бусад албан тушаалтнууд “Ансар Аллах”-ыг террорист гэж ангилахыг эсэргүүцжээ. Ардчилсан намын сенатч Крис Мерфи энэ алхмыг "Трампын засаг захиргаанаас энхийн хэлэлцээг нураах гэсэн тодорхой оролдлого болно" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, хуситууд болон тэднийг ивээн тэтгэгчдийн эсрэг хориг арга хэмжээ хэдийнээ авчихсан учраас террористууд гэж зарлах нь “Ансар Аллах” хөдөлгөөний удирдагчидтай хийж буй яриа хэлцээг болон тус бүлэглэлийн хяналтад байгаа бүс нутгуудад тусламж үзүүлэх төлөвлөгөөнд улам хүндрэл учруулах аж.
Йемен улсад 2014 оны 8 дугаар сараас хойш засгийн газрын цэргүүд болон хусит босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвсэл довтолсны дараа улам даамжирсан байна. Таван жил гаруй үргэлжилсэн мөргөлдөөн дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хямралыг бий болгожээ. НҮБ-ын мэдээлснээр, Йеменд 24 сая гаруй хүнд буюу тус улсын хүн амын 80 орчим хувьд нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бол дотооддоо шилжин суурьшсан хүмүүсийн тоо 3 сая давжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.