Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкиг өнөөдөр хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголыг сайн мэддэг Япон Улсын шилдэг дипломатч манай улсад томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрээр Монгол Улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор Хэйсэйгийн эринд манай хоёр улс маш богино хугацаанд Стратегийн түншлэлийн өндөр түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа хүргэж чадсаныг дурдаад, Рэйвагийн эринд энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа нотлов.
Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол орны орчин үеийн хөгжлийг бүх талаар дэмжиж, ямагт туслалцаа үзүүлж ирсэнд бид талархалтай ханддаг. Япон Улсын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг зэрэг хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц олон төсөл хэрэгжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад 3 дахь удаагаа томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, өөрийн хоёр дахь эх орондоо ирсэн мэт сэтгэгдэл төрж байна гэв. Элчин сайд Х.Кобаяши хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний айлчлал, улс төрийн яриа хэлэлцээ чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гээд 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал нь нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхитог Эзэн Хааны сэнтийд залах төрийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн оролцсонд талархал илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, Японы зах зээлд чиглэсэн Монголын экспортыг нэмэгдүүлэх, бизнесийн орчинг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.