Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хуульд “САНУУЛАХ” заалт заавал байх ёстой.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлд орсон ярилцлагыг цувралаар хүргэж байна.
-Зөрчлийн хуулийг УИХ-аар нэлээд маргаантай хэлэлцсэн. Та Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад “торгох” гэдэг заалтыг эхний удаад “сануулах” гэдгээр солих ёстой гэж байсан?
-Aнх намайг Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж ярьж байхад хүмүүс сайн ойлгохгүй байсан. Одоо ойлгож, дэмждэг болсон. Өнөөдөр намайг ганц өгүүлбэр хэлэхэд 10, 20 мянгаараа зөв гэж ойлгож байгаа юм. Тухайн үед нэг өгүүлбэр хэлэх бүү хэл, хэдэн өдөр, хэдэн арван хүнтэй маргалдаад ярьж байхад ойлгоогүй. Биед нь мэдрэгдээд махнаас нь чимхэхээр ойлгосон. Зөрчлийн тухай хуулийг зарим хүн бага эрүүгийн хууль ч гэдэг. Гэтэл минийхээр бол “Уучлаарай танд эрх байгаа, та тодорхой эрх, үүрэгтэй иргэн хүн. Гэхдээ таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана шүү” гэдгийг танд сануулж, ойлгуулж байгааг Зөрчлийн тухай хууль гэж ойлгож байгаа. Та гудамжинд гараад нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой шүү, гэртээ байхдаа ч хажуу айлынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой, төрийн байгууллагын ажилтан аливаа шийдвэрийг гаргахдаа цаана нь иргэн байгаа шүү гэдгийг бодож байж шийдвэрээ гаргах ёстой гэдгийг Зөрчлийн тухай хууль тэр хүнд сануулж байгаа юм. Тийм ч учраас Зөрчлийн тухай хуульд “Сануулах” гэдэг заалт оруулж өгөхийг би хүссэн. Энэ миний чин хүсэл гэсэн үг. Тэгэхгүй бол өнөөдөр 227 хуулиар, бараг 4000 зүйл, заалтаар торгож байгаа. Тэгээд торгуулиа цаг хугацаандаа төлөхгүй бол таныг баривчилна. Өнөөдөр 200 сая хүртэлх төгрөгийн торгууль бий. Энэ хэмжээний торгуулийг шууд маргааш нь төлчихдөг хүн хэд байх бол. Ер нь Монгол Улсад ийм чадвартай хүн хэд байгаа бол. Гэтэл тэр торгуулийг цаг хугацаандаа төлөхгүй бол таныг баривчилна л гэсэн үг. Зөрчлийн тухай хуулийн болохгүй байгаа зүйл, заалт нь юу байна вэ гэхээр тэр хүнд эхлээд сануулах ёстой. Та ямар зөрчил гаргаснаа эхэндээ мэдэхгүй явж байна шүү дээ. Та нийгэмд ямар ч хор хохирол учруулаагүй, хүн залилдаггүй, хүнд худлаа хэлдэггүй, хүнийг янз бүрийн байдлаар дарамталдаггүй, хулгай хийдэггүй, хүн ална гэж заналхийлдэггүй ч нийгмийн харилцаанд оролцоод явж байтал санамсаргүй алдаа гаргаж болно. Хүнд гэнэтийн тохиолдол бас гарч ирнэ шүү дээ. Гэнэт санамсаргүйгээр хараалын үг хэлэх ч юм уу, эсвэл хүүхдүүд чинь гэнэт орилж шуугилдаад гэр дотуураа гүйлдвэл хажуу айлынхан чинь чимээ гаргачихлаа гэж гомдоллоно. Үүний төлөө шууд торгуулах ёстой юу. Үгүй, эхлээд сануулах ёстой. Гэтэл өнөөдөр шууд арга хэмжээ авч байна шүү дээ. Та зөрчил гаргаснаа мэдэхгүй, аж ахуйн нэгж ч мэдээгүй байдаг. Ямар зөрчил гаргаснаа ч мэдэхгүй байж байтал таныг шүүхийн шийдвэрээр таван сая, 20 сая төгрөгөөр торгочихлоо шүү дээ. Би үүнийгээ боль л гэж байгаа юм. Хэрэв үүнийг хийхгүй бол би өөрөө санаачилна. “Зөрчлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулна. Хууль санаачлахын тулд тодорхой баг ажиллуулж байж өргөн барих судалгаа гаргана. Энэ бол Засгийн газраас өргөн барьсан хууль. Засгийн газар хэрэв өөрөө засахгүй бол гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд би өөрөө санаачилна гэж байгаа юм. Хүнд сануулахгүй байж шийтгэдэг болсноор Зөрчлийн тухай хууль хүнийг нийгмийн идэвхгүй болгож байна. Би сайхан зүйл бодоод хөдөлмөрлөөд явж байтал гэнэт төрийн байгууллагуудаас баахан татвар, торгууль ороод ирвэл яах вэ. Өөрт нь эхлээд хэлчихсэн байвал тэр хүн чинь “Нээрээ надад сануулга ирсэн шүү дээ” гэнэ. Би “Зөрчлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулахын тулд олон юм судалж байна. Жишээ нь, АНУ-д тодорхой зөрчлүүдэд эхлээд иргэнд утасдаж сануулдаг юм байна. Байгууллага юм уу, эсвэл орон нутгийн засаг захиргаа, компаниас нь “Та ийм асуудалтай байна. Үүнийгээ анхаараарай. Засахгүй бол арга хэмжээ авна шүү” гэж сануулдаг байгаа юм. Дараа нь анхааруулгатай, тодорхой хугацаатай улаан хуудас ирдэг. Тэр хугацаанд биелүүлэхгүй бол таныг шүүхэд өгнө, торгоно. Энэ бол зөв. Гэтэл өнөөдөр бидэнд утсаар ч ярихгүй, улаан хуудас ч ирэхгүй байна. Хөлбөмбөгчинд зөрчил гаргавал эхлээд шар, дараа нь улаан хуудас өгөөд тэгээд талбайгаас гаргадаг биз дээ. Зөрчлөө гээд шууд хөөчихдөггүй. Түүн шиг шууд л торгуулийн арга хэмжээ ногдуулж болохгүй л дээ. Гэхдээ “Зөрчлийн тухай хууль”-д шууд торгох ёстой нарийн нарийн заалттай тодорхой арга хэмжээнүүд бас бий. Үүнийг би байх ёстой гэж боддог. Харин ядаж 30, 40 хувьд нь эхлээд сануулах хэрэгтэй. Хүнд санамсаргүй гаргадаг маш олон энгийн зөрчил бий шүү дээ.
ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫГ ХЭМНЭХ БОЛОМЖ ХАНГАЛТТАЙ ИХ БИЙ
-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд нэг зүйл тодруулъя. УИХ 2020 оны улсын нэгдсэн төсвөө баталчихлаа. Улсын төсвийг хэр болсон гэж үзэж байгаа вэ?
-Би шүүмжлэгч талдаа гишүүн. Хувийн хэвшлийн төсөвтэй улсын төсвийг харьцуулдаг. Монгол Улс төсвийн зардал талдаа хяналт маш сул. Урсгал зардал гэдэг нь бидний цалин, бусад зардал. Төрийн байгууллагуудаас гадна төрийн өмчит компаниуд гээд бий. Дийлэнх нь алдагдалтай ажилладаг мөртлөө дарга нь таван сая төгрөгийн цалинтай, машин унахаас эхлээд хангамжтай, гадаад дотоод руу явж, нэг нэгийгээ байраар шагнаж урамшуулдаг. Энэ бүхнээс эрүүл биш гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Үүнийг нь төсвөөс байнга санхүүжүүлнэ. Банкнаас зээл аваад цалингаа тавиад, машин аваад уначихна. Тэгээд ажлаасаа халагдаад явчихна. Дараа нь түүнийг нь төсвийн мөнгөнөөс төлнө. Ард түмний халааснаас, нөгөө ЖДҮ-ийнхэн чинь төлнө гэсэн үг. Төсвийн урсгал зардлыг хэмнэх боломж хангалттай бий. Харамсалтай нь хяналт алга. Хөрөнгө оруулалтын зардал бол нийгмийн салбарт түлхүү явдаг. Гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжтэй болгоё, эмнэлгүүдэд анхаарал хандуулъя, төмөр зам барья, нефтийн үйлдвэртэй болъё гээд. Хөрөнгө оруулалтын зардлуудыг би харин ч бага байна гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх ёстой. Харин урсгал зардал дээр маш үрэлгэн, нэг хүний хийх ажлыг 10 хүн, 10 хүний ажлыг 100 хүн хийж байна гэж хүмүүс ярьж байна. Үнэн. Үүнийгээ засах ёстой. Төрийн албаны тухай хуульд, бүр Үндсэн хуульд төрийн албаныхныг дархлаатай болгож, хэзээ ч ажлаас нь халдаггүй, ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй заалт оруулах гэхэд би үүнийг ганцаараа эсэргүүцэж болиулсан. Тэгэхэд гишүүд болон олон хүн хажуунаас, танхимаас, дээрээс “Чи Үндсэн хуулийг гацааж байна” гэж дарамталсныг санаж байгаа байх. Яагаад төрийн албан хаагч хүн энгийн иргэнээс давуу эрхтэй байх ёстой юм. Яагаад төрийн албан хаагч гэхээр Үндсэн хуулийн хамгаалалттай, дархлаатай байх ёстой гэж. Ийм байж болохгүй. Зүгээр адилхан л байх хэрэгтэй.
-Сэтэрлэсэн гэдэг шиг л зүйл болно биз дээ?
-Ёстой тэгнэ. Миний саналыг дэмжсэн гишүүд бий. Тэр гишүүдийнхээ хүчээр энэ заалтыг болиулсан. Болиулсандаа ч сэтгэл хангалуун байгаа. Хүнийг хийж буй ажил, зүс царайгаар нь юм уу, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, нэгийг нь өндөрт өргөж, нөгөөг нь хуулиар дарамталж болохгүй. “Төрийн албаны тухай хууль” гээд УИХ дахь манай намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн санаачилсан хууль байгаа. Түүнд төрийн албаныхан нийт хөдөлмөр эрхлэлтийн насныхны 10 юм уу 12 хувиас ихгүй байх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад дэмжлэг авж чадаагүй. Төрийн өмчит үйлдвэрийн газарын ажилтан албан хаагчдыг оруулаад өнөөдөр 250 мянга орчим төрөөс цалин авдаг төрийн албан хаагчид байна. Би бол 120, 130 мянгад барихыг хичээх ёстой гэж байгаа. Тэгвэл тухайн 120 мянган хүнд өөрт нь хэрэгтэй. Учир нь цалин нэмэгдэж, анхаарал нь сайжирна, ард түмний дунд нэр хүнд нь өсөх сайн талтай. Одоо төрийн алба бол ард түмний дунд нэр хүнд муутай, авлигачид, хахуульчид, дарамтлагчид гэдэг юм уу. Тэгж муугаар хэлэгддэг нэр хүнд нь засарна. Төрийн албаны нэр хүнд өснө. Мундаг, өндөр боловсролтой хүмүүс очиж ажиллана.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын 2016-2019 оны ажлын тайлан сэтгүүл
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.