БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.
Өмнөд Солонгост сүүлийн үед халдвар авсан иргэдийн нас улам залуужиж байгаа бөгөөд 20-30 насны залуусын өвчлөл сүүлийн нэг сарын турш 28 хувиар өссөн байна. Бидний амьдрах орчин, нас хүйс, үл харгалзан коронавирус тархаж байгаа нь хэвийн үзэгдэл болж байгаа бөгөөд энэ сарын 24-нөөс эхлэн нийгмийн хөл хорионы хоёрдугаар шатанд шилжсэнээр хоолны газрууд оройн 21 цаг хүртэл ажиллаж байгаа бол кофе шоп зааландаа үйлчлэхгүй, зөвхөн захиалга авах боломжтой болсон.
БНСУ-ын УОК-оос ковид-19 цар тахлын тохиолдол Сөүл хот болон орон нутагт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Нийгмийн зай барих” хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийн зэрэглэлийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ. Шийдвэрийн дагуу энэ сарын 24-ний 00.00 цагаас арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 24.00 цаг хүртэл хоёр долоо хоногийн хугацаатай Сөүл хотод хорио цээрийн хоёрдугаар шатлал, Жөнра муж, Гуанжу хотод 1.5 дугаар шатлалыг тус тус тогтоохоор болжээ.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс нийслэл Сөүл хотод халдварын тохиолдол нэмэгдэх магадлал өндөр байгааг анхааруулж байна. БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ иргэд амны хаалт зүүх, хоорондоо хоёр метрийн зай барьж харилцах, гараа угаах, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, олноор цуглахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахихыг анхаарууллаа. Хорио цээрийн журмыг үргэлжлүүлэн чанд сахиж, дараах зүйлийг анхаарна уу:
•Хорио цээрийн хоёрдугаар шатлалд шилжүүлж байгаатай холбогдуулан гадуур холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт тогтмол хийгдэх тул олон нийтийн газраар явахгүй байх, өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, хувийн болон албан уулзалт, цуглаан, аяллыг хойшлуулах, цуцлах.
•Халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт шуурхай хандах, ингэхдээ БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 дугаарт залгасны дараа “4” товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдож заавар, зөвлөгөө авна уу.
•ЭСЯ-ны Консулын зарим үйлчилгээг шуудангаар болон цахимаар авах боломжтой. Халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс халдварын тархалт намжтал, мөн Монгол Улсад ирэх сарын 1-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Консулын хэлтэст биеэр ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.