АНУ-ын эрх баригчид тусгаарлалтын хугацааг 10 хоног болгож багасгахаар төлөвлөжээ
АНУ-ын эрх баригчид коронавирус тээгчтэй хавьтсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 10 хоног болгож багасгах гэж байгаа тухай CNN телевиз тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд цар тахлын үед өөрийгөө тусгаарлах дэглэмийн талаарх шинэчилсэн зөвлөмжийг ойрын үед гаргана гэдгээ Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлын хэсгийг удирдаж буй дэд ерөнхийлөгч Майк Пенст хэдийнэ мэдэгдээд байгаа аж. Хэрэв өмнө нь халдвар тээгчтэй хавьтсан хүмүүсийн тусгаарлагдах хугацаа хоёр долоо хоног байсан бол удахгүй 10 хоног болж багасна. Харин коронавирусний шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд заавал тусгаарлагдах хугацаа долоо хоног байх аж.
“The Wall Street Journal” сонинд өмнө нь мэдээлснээр, шаардлагыг зөөлрүүлэх нь өөрийгөө тусгаарлах дэглэмийг хүмүүс албадуулалгүй илүү чанд сахихад нөлөөлж магадгүй гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Жонс Хопкинсийн их сургуулиас мэдээлснээр, АНУ-д халдвар авсан хүний тоо 13.7 сая давж, 270 мянга гаруй хүн нас баржээ. Эдгээр үзүүлэлтээр тус улс дэлхийд нэгдүгээрт орж байгаа юм. АНУ-ын муж улсуудаас халдварын хамгийн олон тохиолдол Техас (1 250 482), Калифорни (1 244 588) болон Флоридад (1 008 166) бүртгэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.