Хот хооронд зорчиж, хязгаарлалт зөрчвөл 150 мянган төгрөгөөр ТОРГОНО
Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ. Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.
Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмээ сайтар баримталж, гэртээ шинэлж, цахимаар золгохыг уриалаад буй.
Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд бүх замыг хааж хяналтад авсан ба улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж, 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.
Сар шинийн өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах ба хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 мянган төгрөгөөр торгоно.
Харин хуулийн этгээдийг нэг мянга 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно.
Сануулахад, Улсын Онцгой комисс шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, цаг үеийн асуудлуудаар шийдвэр гаргахаар болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.