Уханийн эмч нар монгол хонины махаа өвчтөнүүддээ хандивлажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Хятад улсад айлчлал хийхдээ 30 мянган хонь хандивласан билээ. Хандивыг хүлээлгэн өгөх ёслол аравдугаар сарын 22-ны өдөр Эрээн хотод болж, эхний 4000 хонийг Эрээн боомтоор Хятадад нэвтрүүлсэн.
Ингээд арваннэгдүгээр сард бүх 30 мянган хонийг Хятадын талд хүлээлгэн өгсөн бөгөөд Эрээнд боловсруулаад, Хубэй муж, Ухань хотод илгээсэн юм.
Энэхүү хандивыг Хятадын ард түмэн баяртайгаар хүлээн авсан. Хятадын төв телевизэд энэ талаар гарсан албан мэдээний хандалт 28.98 саяд хүрч, 969 мянган хүн лайк дарж, 36 мянган хүн сэтгэгдэл үлдээж, 13 мянган хүн хуваалцжээ.
Хятадад хандивын хонины талаар дурсгалын марк гаргаж, баримтат кино хүртэл хийсэн.
Монгол хонины махыг юуны түрүүнд Ухань хотын эмнэлгийн ажилтнуудад тараасан. Харин Ухань хотын 3-р эмнэлгийн гурван эмч өөрсдөд нь оногдсон 20 кг махаа эмнэлгийнхээ 12 дугаар тасгийн өвчтөнүүдэд хандивлажээ. Энэ тасагт хөдөлмөр эрхлэх чадваргүй, гэр оронгүй, сэтгэл мэдрэлийн 80 өвчтөн эмчлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.