Их Британид хамгийн түрүүнд 90 настай хүн вакцин хийлгэжээ
Их Британи өнөөдрөөс (2020.12.08) эхлэн ард иргэдээ коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж байна. Их Британийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээний вакцинжуулалтын хүрээнд 90 настай Маргарет Кинан гэгч өндөр настан хамгийн түрүүнд вакцин хийлгэжээ. Вакциныг юуны өмнө эмч, эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудын асрамжийн газрынхан болон 80-аас дээш настай өндөр настнуудад хийх юм. Эрсдэлтэй бүлэгт нийт 25 сая хүнийг оруулаад байна. Тус улс энэ сарын 2-нд АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран бүтээсэн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон анхны орон болсон билээ.
Вакциныг эмнэлэг болон тусгайлан байгуулсан вакцинжуулалтын төвүүдэд хийх бөгөөд вакцин хүргэлтийн ажилд цэргийнхнийг дайчилжээ.
Шинжээчдийн мэдэгдсэнээр, Pfizer/BioNTech вакцин нь бүр насныханд аюулгүй ба 95 хувийн үр дүнтэй. Бага зэргийг сөрөг нөлөө ажиглагддаг ч нэг хоногийн дараа арилдаг байна. Вакциныг хоёр тунгаар 21 хоногийн зайтай хийх аж. Ингэхдээ нэг дэх тунг хийлгэснээс хойш 12 дахь өдөртөө дархлааны хариу урвал илэрч эхэлдэг байна. Хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоо хоногийн дараа хүний биед коронавирусний эсрэг дархлаа тогтдог байна.
Pfizer/BioNTech вакциныг хасах 70С хэмээс дээшгүй нөхцөлд 30 хоногийн хугацаанд хадгалах заалттай.
Их Британийн насанд хүрсэн иргэдийн 57 хувь нь вакцин хийлгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн бол 15 хувь нь хийлгэхээс татгалзаж байна. 55-аас дээш насныхны 70 хувь нь вакцинжуулалтад хамрагдах хүсэлтэй байгаа бол 18-34 насныхны 47 хувь, 35-54 насныхны 51 хувьд вакцин хийлгүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Их Британи ард иргэддээ зориулж нийт 350 сая тун вакцин захиалснаас Оксфорд, “AstraZeneca” вакциныг 100 сая тун, BioNTech/Pfizer вакциныг 40 сая, “Valneva” 60 сая тун, “GSK/Sanofi” 60 сая тун, “Janssen” 30 сая, “Janssen” вакциныг 5-7 сая тунг захиалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.