"Эверест" уулын өндрийг 8848.86 метр өндөр гэж баталлаа
Дэлхийн хамгийн өндөр оргил болох "Жомолунгма" буюу "Эверест" уулын өндрийг 8848.86 метр хэмээн хэмжсэнээ БНХАУ, Балба мягмар гарагт мэдэгдлээ. Цаст оргилыг оруулсан энэхүү хэмжээг хоёр орны судлаачид баталжээ. Талууд оргилын өндрийг дахин хэмжиж, шинжлэх ухааны судалгаа явуулсан үр дүнгээ хамтран мэдэгдэх тохиролцоонд өнгөрсөн онд хүрсэн юм.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Балбын төрийн тэргүүн Бидья Деви Бхандаритай мягмар гарагт захидал солилцож, “Жомолунгма” уулыг хоёр орны уламжлалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлжээ. Хоёр орны судлаачдын баг жил гаруйн турш олон бэрхшээлийг даван туулж, ажил үүргээ чандлан гүйцэтгэж, Олон улсын өндрийн лавлагааны системд тулгуурласан дүгнэлтэд хүрсэн гэдгийг Ши Жиньпин онцлон тэмдэглэсэн байна.
Хятадын судалгааны баг "Жомолунгма” уулын оргилд энэ оны тавдугаар сарын 27-нд хүрч, оргилын өндрийг дахин хэмжжээ. Балбын судлаачдын хувьд 2019 оны тавдугаар сард уулын оргилд хүрсэн байна. Энэтхэг, Евразийн хавтангууд хөдөлсөөр байгаа тул оргилын өндрийг тогтмол хэмжих шаардлагатай бөгөөд онолын хувьд 10-15 жил тутам хэмжих нь зүйтэй гэж өндрийн хэмжилтийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дан Яминь хэлжээ.
Энэ удаагийн хэмжилтийг “BeiDou” навигацын хиймэл дагуулын систем гэх мэт БНХАУ-д хөгжүүлсэн олон тооны технологийг ашигласан тул 2005 оныхтой харьцуулахад илүү шинжлэх ухаанч, найдвартай, шинэлэг байдлаар явуулсан байна. 2005 оны онд уулын өндрийг 8844.43 метр хэмээн хэмжиж байв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.