Хөл хориог 2020.12.14-нөөс сулруулахаар хэлэлцэж байна

Хөл хориог 2020.12.14-нөөс сулруулахаар хэлэлцэж байна

Улсын онцгой комисс өнөөдөр (2020.12.08) товлосон ёсоор хуралдаж эхэллээ. 

Төрийн ордны үйлчилгээний ажилтан халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч, түргэвчилсэн оношилгоогоор эерэг хариу гарсан бөгөөд дөнгөж сая авсан мэдээллээр тухайн ажилтны PCR шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Төрийн ордонд түр хөл хорио тогтоосон тул Улсын онцгой комисс цахимаар хуралдаж байна. 

Онцгой комиссын гишүүдээс Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дорноговь аймагт тогтоосон хатуу хөл хорио буюу Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг энэ сарын 14-нийг хүртэл гурав хоног сунгаж, цаашлаад арванхоёрдугаар сарын 14-нөөс Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх зэрэг санал гарсныг яг одоо хурлаар хэлэлцэж байна. 

Онцгой комисс өнөөдрийн хурлаар санал, шийдвэрээ нэгтгэн, маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ба Засгийн газар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбар, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдээд байна. Эхний ээлжинд үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг Улсын онцгой комисст саналаа хүргүүлэхээр болжээ. 


Сануулахад, Засгийн газар 2020.11.29-нд ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын санал, шийдвэрийг хэлэлцээд, коронавирусний халдвар бүртгэгдсэн Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, аймгуудын хөл хориог 2020.12.11-нийг хүртэл дахин 10 хоног сунгаж, бусад аймгуудын хөл хориог сулруулан, Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн зэрэглэлийг нэг шат бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж шийдвэрлэсэн. Ингэхдээ Улаанбаатар хотын хөл хориог хэвээр үлдээсэн ч боловсруулах салбарын үйлдвэрүүдийг чанд дэглэм баримтлан нээсэн ба энэ хүрээнд одоогоор дараах 18 байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юм. 

Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд

  1. Эрчим хүчээр хангах үйл ажиллагаа 
  2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  4. Хот суурины усан хангамж, ариутгал, татуурга ашиглалт
  5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа
  6. Банк санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
  8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага
  9. Малын өвс тэжээлийн үйлдвэр, худалдаа, тээвэрлэлт
  10. Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  11. Арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэр
  12. Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэрлэл
  13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  14. Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
  15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллага
  16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  17. Шүүх, прокурор, өмгөөлөл наториат,
  18. Оршуулгын үйлчилгээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.