Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 12 дугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар боллоо
Беларусийн эрх баригчид коронавирусний цар тахлын улмаас 12 дугаар сарын 20-ноос эхлэн хилээ түр хаахаар болжээ. Энэ тухай тус улсын сайд нарын зөвлөлөөс 12 дугаар сарын 7-нд гаргаж, пүрэв гарагт шилжих шөнө нийтэлсэн тогтоолд дурдсан байна.
Шийдвэрийн дагуу Беларусийн иргэд, мөн тус улсад байнга буюу түр хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд улсын хилээр гарах, нэвтрэхийг түр хоригложээ. Үүнтэй холбогдуулан авто замын шалган нэвтрүүлэх боомтууд, хялбаршуулсан журмаар нэвтрэх цэгүүд, төмөр замын өртөө, усан замын боомтуудын шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаах юм. Хоригт дипломат болон албан паспотрттой хүмүүс, албан ёсны төлөөлөгчид, олон улсын тээврийн жолооч нар, нисэх онгоц болон усан онгоцны багийн бүрэлдэхүүн зэрэг хүмүүс хамаарахгүй боловч 10 хоног тусгаарлалтын дэглэм сахина.
Цар тахлын эхэн үед Беларусийн эрх баригчид хорио цээрийн дэглэм тогтоогоогүй бөгөөд тус улсад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж байв. Одоогоор эрүүл мэндийнх нь тогтолцоо цар тахлын хоёр дахь давлагаанд бэлэн гэж Беларусийн эрх баригчид мэдэгдэж байна. Өвчний тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдсэнтэй холбогдуулан коронавирусийг оношлох зорилгоор бүх лабораторийг шинэчилнэ гэж Беларусийн Эрүүл мэндийн яам 11 дүгээр сарын 16-нд мэдэгджээ. Түүнчлэн Беларусь даяар амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн байна.
Одоогийн байдлаар тус улсад коронавирусний халдварын 152 453 тохиолдол бүртгэгдэж, 129 950 хүн эдгэрсэн бол 1230 өвчтөн нас баржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.