Ойрх Дорнодод коронавирусний тархалт нэмэгдэж байна

Ойрх Дорнодод коронавирусний тархалт нэмэгдэж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө өглөөний байдлаар, дэлхий дахинд шинэ коронавирус "COVID-19"-ээр халдварласан хүний тоо 80 079, нас барсан хүний тоо 2699 болжээ. Халдвар Ойрх Дорнодод хурдацтай тархаж байгааг ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.


БНХАУ-аас гадна 33 улсад халдварт өвчний 2300 тохиолдол батлагдаж, нас барсан хүний тоо 30 болсон байна. Халдварт өвчин нэг улсаас нөгөөд тархах, эх үүсвэр тодорхойгүйгээр халдварлах байдал нэмэгдэж байгааг албаны хүмүүс хэллээ.


ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “Ойрх Дорнодод халдварын тархалт нэмэгдэж байна. Оман, Афганистан, Иран, Ирак, Бахрейн, Кувейт зэрэг улсад халдвар гарч, нас баралт бүртгэгдлээ. БНСУ-д сүүлийн 4 хоногт 677 шинэ тохиолдол бүртгэгдсэн. 2 дугаар сарын 24-ний 16 цагийн байдлаар 833 хүн халдвар авч 7 хүн нас барсан байна. ДЭМБ "COVID-19" халдварыг цар тахлын хэмжээнд хүрээгүй гэж үзэж байгаа ч, БНХАУ-аас гадна хэд хэдэн оронд халдварт өвчний голомт үүслээ. ДЭМБ эдгээр голомтыг хязгаарлах, хяналтад авах арга хэмжээ авч байна. Халдвар өргөн хүрээнд тархах магадлалыг тооцож бэлтгэлээ хангах цаг ирж байна” гэв.


Монгол Улсад "COVID-19" халдварын тохиолдол бүртгэгдээгүй ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.


Тэрбээр “Энэ сарын 23-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тэдгээрийн 6 нь БНСУ-ын иргэн юм. Мөн энэ сарын 24-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 5 хүн, Орхон аймагт 1 хүн, улсын хэмжээнд 6 хүнийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад авсан. Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүйг дахин хэлье. Өвчлөл голомтлон гарч буй улс орнуудаас харахад хүн хүч, эдийн засгийн өндөр зардал гарч байна. Хүн болгон анхааралтай байж, төр засгаас авч буй арга хэмжээг даган мөрдвөл энэ өвчнийг хянах, Монголд орж ирүүлэхгүй байх бүрэн боломж бий” гэлээ.


Өмнөговь, Дорноговь аймагт халдварт өвчин зөөвөрлөгдөн орж ирэх маш өндөр эрсдэлтэй байгааг эрсдэлийн үнэлгээ харуулжээ. Одоогоор Улаанбаатарт 5, Орхон аймагт 1, Замын-Үүдэд 104, Дорнод аймагт 5, Жаргалантын аман дахь ОБЕГ-ын сургалтын төвд 17 хүнийг тусгаарлаж, хяналт тавьж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.