Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдрийн (2020.12.16) хуралдаанаас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулах шийдвэр гаргалаа.
Сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2,500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж импортолжээ.
2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна.
Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн “Цэргийн төв эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн шинэчлэл” төслийг санхүүжүүлэх зорилгоор Монгол Улс, Австрийн Юникредит банк хооронд байгуулах Экспортын зээлийн гэрээний төслийг дэмжив.
Төслийн хүрээнд дүрс, оношилгоо, ангиографи, зүрх, судасны эмчилгээний лаборатори, хэв авиан оношилгоо, дуран, ариутгал, мэс засал, эрчимт эмчилгээ, лаборатори, шүд, эрүү, нүүр, ерөнхий мэс засал, гэмтэл, бичил мэс заслын багаж, тоног төхөөрөмж суурилуулна. Найман сая еврогийн хүүгүй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 14 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил байх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.