ХХАА-н салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнг ХХААХҮЯ-нд шилжүүлэх асуудлыг судлахыг чиглэл болгов
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-ны харьяанд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг шилжүүлэх хэрэгцээ, шаадлагын талаарх салбарын сайдын мэдээлэл сонсов.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, "Сүүлийн 30 шахам жилд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн болон үйлдвэрлэл-туршилтын баазыг бэхжүүлэх талаар төр засгаас хэрэгжүүлсэн ажил, хөрөнгө оруулалт байхгүй. Эрдмийн зэрэгтэй боловсон хүчинг төрийн бодлогоор төлөвлөгөөтэй бэлтгэхээ больсон нь салбарын эрдэм шинжилгээний ажлын онол, арга зүйн түвшин орчин үеийн шаардлагаас ихээхэн хоцорч, зарим салбар хүрээлэнгийн үйл ажиллагааг зогсоож, шинжлэх ухааныг үйлдвэрлэл, хөгжлийн бодлогоос нь хөндийрүүлсэн. Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн хүрээлэнгүүдийг салбарын яамны харьяалалд шилжүүлэн ажиллуулж, тулгамдсан асуудлыг үе шаттай, эрэмбэлэн шийдвэрлэх, төлөвлөх, тогтвортой хөгжүүлэх, шинэ техник, технологи, инновацыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлж эрчимжүүлэх хөгжлийн гарцуудыг тодорхойлж, тулгамдсан асуудлыг судалж шийдвэрлэх, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна. Мөн үйлдвэрлэлийг шинжлэх ухааны үндэслэлээр хөгжүүлэх, салбарын хүний нөөцийн бодлого, боловсон хүчний хангамжийг удирдан зохион байгуулах, салбарын эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх нь улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц болох тул хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье" гэв.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга Х.Болорчулуун Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнг БШУЯ буюу Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяалад байгааг өөрчилж, ХХААХҮЯ-ны яамны харьяалалд шилжүүлэх асуудлыг ирэх оны хоёрдугаар сарын 15-ны дотор судалж, хэлэлцэн шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай тогтоолын төсөл танилцуулав. Уг тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь дэмжлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.