Коронавирусний шинэ төрөл дахин гурван оронд илэрлээ

Коронавирусний шинэ төрөл дахин гурван оронд илэрлээ

“Мутацид орсон коронавирусний шинэ хувилбар Их Британид бүр есдүгээр сард илэрсэн. Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар илэрсэн мутациудыг судалж байна. Вирусний шинэ хувилбарууд хэрхэн тархаж, ямар уршиг дагуулахыг судлах нь маш чухал юм” гэж ДЭМБ-ын шинжээч онцлон тэмдэглээд Их Британид тархсан мутаци мөн Дани, Нидерланд Австралид илэрсэн болохыг нэмж дурдсан байна.

Их Британийн эрдэмтэд бусад омгуудаасаа илүү хурдан тархдаг коронавурисний шинэ хувилбар илрүүлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок 12 дугаар сарын 14-нд мэдээлсэн юм. Эрдэмтэд шинэ хувилбарыг Английн зүүн өмнөд нутагт хурдацтай тархаж байгаа өвчлөлтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Шинэ хувилбар нь 70 хувь илүү халдварлах чадвартай гэж судлаачид дүгнэж байна. Гэхдээ илүү олон хүн үхүүлдэг, илүү хүнд хэлбэрээр өвчлүүлдэг гэх ямар нэг нотолгоог одоогоор олоогүй байгаа аж.

Их Британид 12 дугаар сарын 2-нд бүх нийтийн хорио цээрийн дэглэмийг цуцалсны дараа өвчлөл эрс нэмэгдсэний шалтгаан нь шинэ хувилбар болсон гэж Борис Жонсон мэдэгдсэн байна.

Лондон болон Английн зүүн өмнөд хэсэгт илэрч буй халдварын шинэ тохиолдлын 60 хувийг шинэ хувилбар эзэлж байгааг тогтоожээ. Халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор эрх баригчид хатуу арга хэмжээг авч эхлээд байгаа юм.

Их Британийн Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээллээр, сүүлийн долоо хоногт тус улсад илэрсэн халдварын тохиолдлын тоо өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 41 хувиар нэмэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад хоёр сая гаруй хүн халдвар авчээ. Халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 67 мянга давсан бөгөөд энэ нь Европт Италийн дараа хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.