БНХАУ хоёрдугаар сар гэхэд 50 сая хүнд вакцин хийхээр төлөвлөж байна
БНХАУ-ын эрх баригчид ирэх оны хоёрдугаар сар гэхэд 50 сая хүнд коронавирусний вакцин хийхээр төлөвлөж байгаа талаар "Зянькан шибао" сонин мэдээлжээ.
“Эхний ээлжинд 50 сая хүнд вакцин хийх бөгөөд вакцинжуулалтыг хоёрдугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна” гэж Шанхай хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ажилтан Тао Линг мэдэгдсэнийг тус сонин уламжилсан байна.
Хамгийн түрүүнд хөлдөөсөн бүтээгдэхүүний тээвэр, эрүүл мэндийн салбар, олон улсын болон дотоодын тээврийн салбарын ажилтнууд, фермер болон далайн гаралтай бүтээгдэхүүний захуудын ажилчид, мөн мэргэжлийнхээ улмаас коронавирусний халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүс вакцин хийлгэнэ гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны орлогч дарга Зэн Ишин бямба гарагт мэдэгдсэн байна. Вакцинжуулалтыг өвөл-хаврын улиралд хийхээр төлөвлөж байна гэж тэрбээр хэлжээ.
БНХАУ-ын эрх баригчид Билгийн тооллоор шинэ жилээ угтахаас өмнө /Чуньзе буюу Хаврын баяр хоёрдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тохионо/ дор хаяж 50 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж байна гэж өнгөрөгч баасан гарагт “South China Morning Post” сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, Хятадын хүн амыг дархлаажуулахад “Sinopharm”, “Sinovac” компаниудын бүтээсэн вакцинаас 100 сая тунг хэрэглэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.