Онцгой комиссын саналыг Засгийн газар эцэслэн шийднэ
Улсын онцгой комисс өчигдөр (2020.12.27) цахимаар хуралдсан. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, өнгөрсөн хугацаанд нэмж халдвар илрээгүй аймгуудад хөл хорионы дэглэмийг нэмэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Өнгөрсөн 23-30 хоногийн хугацаанд 20 аймагт халдвар нэмж илрээгүй. Иймд ДЭМБ-ын зөвлөмжөөр халдваргүй бүс гэж ойлгож, цаашид Улаанбаатараас аймгуудад халдвар тархаахгүй байхад анхаарч дараах шийдвэрийг гаргасан юм. Тухайлбал,
- Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах,
- Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох,
- Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх,
- ОХУ-ын Хиагт боомтод ирээд байгаа олон улсын ачаа тээврийн автомашины чирэгч, чиргүүлийг Алтанбулаг боомтод солилцох, татан авах туршилтыг 2021 оны 01 дүгээр сарын 2-4-ний өдөр хийх нь зүйтэй гэж үзэв.
Улсын онцгой комиссын саналыг ирэх лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг Улсын онцгой комисс мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.