Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөлөө.

Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүд тангараг өргөлөө.

УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 3-ны хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөлөө.

Комиссын гишүүдийг тангараг өргүүлэх ёслолыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдав.

Томилогдсон гишүүд “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр, “УИХ-аас ХЭҮК-ын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилж, олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, томилох зохицуулалт юм. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалтыг нийт 7 үе шаттайгаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын бүх үйл явц олон нийтэд нээлттэй байсан. Дэлхий нийт болон Монгол Улсад гараад байгаа коронавируст цар тахлын амаргүй цаг үед та бүхэн ажлаа хүлээн авч байна. УИХ өөрийн эрх хэмжээг хязгаарлаж, анх удаа нээлттэйгээр хараат бусаар комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо. Иймд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд эрс өөрчлөлт, шинэчлэл хийгээрэй гэж хүсэх байна. Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулиар та бүхэнд өргөн эрх, боломжийг нээж өгсөн. Хараат бусаар ажиллах нөхцөл бий болсон. Хуулийн хэрэгжилт ямар байх нь та бүхний ажлын үр дүнгээс шууд хамаарна” гэв. 

ХЭҮК-ын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар комиссын гишүүд нь,

  • - Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;
  • - Хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;
  • - Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
  • - Хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;
  • - Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
  • - Хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
  • - Шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
  • - Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
  • - Төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;
  • - Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсрууж, Улсын Их Хуралд хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.