"Спутник V" вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэхийг зөвшөөрчээ
ОХУ-ын Эрүүл мэндийн яам 60-аас дээш насны хүмүүсийг вакцинжуулахад "Спутник V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрснийг тус улсын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ.
““Спутник” вакциныг 60-аас дээш насны хүмүүст хэрэглэх талаар эмнэлзүйн судалгаа хийсэн бөгөөд шинжлэн шалгах комисс аюулгүй, үр дүнтэй болохыг нь нотолсон” гэж тэрбээр “Россия 24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдээлжээ. Түүний хэлснээр, ОХУ-ын Эрүүл мэндийн яам эмнэлгийн хэрэглээний зааварт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталснаар 60-аас дээш настай иргэд коронавирусний вакцин хийлгэх боломжтой болж байгаа аж.
ОХУ-д өргөн цар хүрээтэй вакцинжуулалт 12 дугаар сарын 15-наас эхэлсэн билээ. "Спутник V" вакциныг турших явцад, мөн иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй харшил үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй гэж уг вакциныг гарган авсан Н.Ф.Гамалеян нэрэмжит Тахал судлал, бичил биологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинтсбург өмнө нь мэдээлжээ. Тэрбээр "Pfizer" компанийн вакцинаар тариулсан АНУ-ын иргэдэд харшил илэрсэн тухай мэдээлэлтэй холбогдуулан энэхүү тайлбарыг өгсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.