"Алибаба" группыг хамгийн их ашиг олдог салбаруудаа хаахыг шаарджээ
БНХАУ-ын Засгийн газар цахим худалдааны магнат "Алибаба" группын монополь эрхийг хязгаарлах алхмуудыг шат дараатай хэрэгжүүлж байна. Хятадын эрх баригчид "Алибаба" группын салбар "Ант групп"-ыг цомхотгохыг үүрэг болгосон байна.
Хятадын төв банк "Ант групп"-ын засаглал эрүүл бус байна гэж үзэж, зарим үйл ажиллагааг нь хууль бус байна, үүнийгээ зогсоо гэсэн шаардлага тавьжээ.
Өнгөрсөн бямба гарагт Хятадын төв банкны дэд захирал "Ант групп"-ын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа тус группыг үндсэн үйл ажиллагаа болох төлбөр тооцооны бизнестээ төвлөрч, зээл даатгал, хөрөнгийн менежментийн бизнесүүдээ цомхотгохыг шаардсан гэж өчигдөр Азийн зарим хэвлэлүүдээр мэдээлжээ.
Цомхотгохыг шаардсан бизнесүүд нь "Ант групп"-ын хамгийн хурдтай өсөж байгаа, хамгийн их ашиг олж байгаа салбарууд нь юм байна. "Ант групп" төрөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу үйл ажиллагаагаа засаж сайжруулах ажлын хэсэг байгуулснаа мэдэгджээ.
Энэ мэдээллээс болж өчигдөр Хонгконгийн хөрөнгийн бирж дээр "Алибаба" группын хувьцааны ханш найман хувиар унажээ. Хятадын төв банкны энэ шаардлага Хятадын Засгийн газраас улсынхаа хамгийн нэр хүндтэй, амжилттай бизнесмэн, тэрбумтан Жэк Магийн үүсгэн байгуулсан группын хүч чадал, зах зээлийн монополь байдлыг хязгаарлах бодлогоо урагшлуулж байгаа нэг алхам гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид "Алибаба" группын цахим худалдааны платформыг шударга өрсөлдөөний зарчмыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр шалгалт оруулж байгаагаа зарласан юм. Үүнээс өмнө "Алибаба" группын Ерөнхийлөгч Жэк Ма эрх баригчдынхаа зах зээлийн бодлогыг хуучинсаг гэх зэргээр шүүлжилсэн юм байна.
Үүнээс хойш тус группын хөрөнгийн зах зээл дээр түүхэн дэх хамгийн томд тооцогдох IPO хийх гэж байсныг зогсоож, улмаар тус группын зах зээлийн үнэлгээ буурсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.