“Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлж эхэлнэ.

“Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг хэрэгжүүлж эхэлнэ.

Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ анх удаа, санаандгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд цахим бугуйвч зүүж зорчих эрхийг хязгаарлах юм.

Хуулийн дээрх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” 106 дугаар тогтоол баталсан. Уг тогтоолын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /ШШГБ/ ялын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж “Цахим хяналт, удирдлагын төв” байгуулсан юм. Тус төв өнгөрсөн хугацаанд цахим бугуйвч, программ хангамжийг туршиж ажилласан байна.

Засгийн газраас дээрх тогтоолыг батлах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хорих эсвэл зорчих эрх хязгаарлах ял оноох Эрүүгийн хуулийн заалтыг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Ингэхдээ, цахим бугуйвч ашиглан тухайн этгээдийн байршил, явсан чиглэлийг тогтооно. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой бусад мэдээллийг цуглуулахгүй. Бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө" хэмээн хэвлэлд онцолсон юм.

Олон жилийн дунджаар тооцоолоход 2021 оны эхний хагас жилд 1081 хүнд энэ шийтгэлийг оногдуулах тооцоо гарсан байна. Ингэснээр хорих зардал багасах бөгөөд ойролцоогоор жилд гурван тэрбум төгрөг хэмнэх боломжтойг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэмдэглэсэн. 

Ташрамд дурдахад, Дэлхийн 30 гаруй оронд энэхүү ялыг ногдуулдаг бөгөөд гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд ажил хийх, сурч боловсрох эрхийг нээлттэй байлгахаас гадна хорих ял эдлэхгүй байх нь засан хүмүүжүүлэх ач холбогдолтой гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.