ДЭМБ "Файзер"-ийн вакциныг хэрэглэх зөвлөмжийг энэ сарын 5-нд гаргана

ДЭМБ "Файзер"-ийн вакциныг хэрэглэх зөвлөмжийг энэ сарын 5-нд гаргана

Коронавирусний эсрэг АНУ-ын "Файзер" компанийн вакциныг ДЭМБ бүртгэсэн бөгөөд энэ сарын 5-нд болох тус байгууллагын Дархлаажуулалтын зөвлөх багийн хурлаас хэрэглэх зөвлөмжийг нарийвчлан гаргах аж.

Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Түүнчлэн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран боловсруулж буй “AZD1222” вакцин ДЭМБ-д бүртгүүлэхээр хүсэлтээ хүргүүлсэн байна.

Дэлхий нийтэд коронавирусний 172 вакциныг туршиж байгаагаас 60 нь эмнэлзүйн шатны туршилтад оржээ. Дэлхийн 29 орон өөрийн эмийн бүртгэлд бүртгэсэн вакцинаар иргэдээ дархлаажуулж буй юм. Тухайлбал, БНХАУ 4.5 сая иргэнээ, АНУ 3.1 сая иргэнээ, Их Британи улс 944 мянган иргэн, ОХУ 440 мянганаа вакцинд хамруулсныг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Түүнчлэн дэлхий нийтэд вакцинжуулалт эхэлсэн ч амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг барихыг олон улсын эрдэмтэн судлаачид анхааруулж буйг хэлсэн юм.

Мөн тэрбээр,“Монгол Улсад коронавирусний тандалт судалгаанд эрүүл мэндийн байгууллагын 2540 хүн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд оношилгооны цэгүүдээр 447 мянга гаруй хүн хамрагдсан. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 24 цагт 15 обьектод халдваргүйжүүлэлт хийлээ. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод ажиллаж, уртын тээврийн 78 жолоочид коронавирусний шинжилгээ хийсэн.  Эрүүл мэндийн байгууллагын тусгай дугаарын 7 утасанд 2814 иргэн хандаж, зөвлөмж, зөвлөгөө авсан байна” хэмээв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.