Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт дахин газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт дахин газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ.

Хөвсгөл аймгийн Ханх суманд 20 минутын өмнө дахин хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ талаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Шуурхай штабын дарга З.Баасансүрэн "Ханх суманд өнөөдөр 05.30 цагт хүчтэй газар хөдлөлт болж, бүх айл өрхөд мэдэгдсэн. Сумын тамгын газар, цэцэрлэг, сургуулийн барилгын хананд цууралт үүссэн. Өглөөнөөс хойш таван магнитудаас дээш найман удаагийн давтамжтай хүчтэй чичирхийлэл мэдрэгдлээ. Сумын Онцгой комиссоос ард иргэдэд аюулгүй байдлаа хангах талаас нь зөвлөмж өгч, албан хаагчдаа тараагаад байна.

Сумын Засаг даргын Тамгын газар энэ жил хоёр давхар шинэ байранд орсон байсан. Саяхан 20 минутын өмнө маш хүчтэй газар хөдлөлт мэдрэгдэж, алба хаагчид байрандаа ажиллах боломжгүй боллоо. Одоогийн байдлаар хоёр давхар сургууль, цэцэрлэгийн барилга, захиргааны байр гээд гурван объектын хана цуурсан. Тиймээс сумын удирдлагууд Шуурхай штабынханыг нэг давхар байр руу нүүлгэн шилжүүллээ.  Сумын иргэд айдастай байна. Ханх сумын зүгээс тодорхой давтамжтайгаар газар хөдлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд өгч байгаа. Гэхдээ иргэдийн сэтгэл санааг үймүүлэхгүй байх тал дээр сумын Шуурхай штаб ажиллаж байна. Яг одоо хүчтэй газар хөдлөлтийн улмаас эд материалын хохирол тооцох үйл ажиллагааг хийж байна” гэлээ.

НЭМЭЛТ: 

“Ханх суманд сургуулийн барилгад ан цав гарсан гэх дуудлага ирсэн”

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байрлах газар хөдлөлтийн станцын эрхлэгч П.Даваадалай газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөвсгөл аймагт өглөө 05.32 цагт 51:21:136  кординат дээр эхний газар хөдлөлт боллоо. Тэрнээс хойш таван удаагийн давтамжтай 5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдсэн. Ханх сумын иргэд айж эмээсэн байдалтай байна. Тус суманд чулуун барилга, сүүлд баригдсан сургуулийн барилгад ан цав гарсан дуудлага, мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, Шуурхай штабынхан үзлэг хийж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл аймагтай залгаа байрлах Булган, Сэлэнгэ, Төв, Завхан, Улаанбаатар хот гээд олон газруудад газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдээд байгаа” гэлээ.

“Өнөөдөр өглөөний ийм хүчтэй газар хөдлөлт 1991 онд л болж байсан”

Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өнөө өглөө /2021.01.12/ 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын зарим хэсэгт мэдрэгдээд байна.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтэн Ч.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “Хөвсгөл аймгийн Ханх сумаас 35 км газарт өглөө 05.32 цагт 6.5 магнитудын газар хөдөллөө. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар хотын олон газар мэдрэгдээд байна. Улаанбаатарт ойролцоогоор 3 балл газар хөдөллөө. Мөн Хөвсгөл аймагтай залгаа аймгуудад чичиргээ мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул суманд гэхэд 4-5 магнитудын газар хөдлөлт мэдрэгдэж байгаа.  Одоо мэдээ цуглуулах гээд явж байна. Хөвсгөл аймагт одоогийн байдлаар 40 удаа хүчтэй газар хөдлөлт болоод байна. Өмнө нь ийм хүчтэй 6.5 магнитудын газар хөдлөлт 1991 оны арванхоёрдугаар сарын 27-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол орчимд болж байсан. Энэ удаагийн газар хөдлөлт голомтдоо 9 баллаар мэдрэгдэх ёстой. Хэрэв тэр хэсэгт барилга байшин барьсан бол нурах аюултай” гэв.

Олон улсын газар хөдлөлтийн судалгааны байгууллагын мэдээллээр ОХУ-Монгол Улсын хилийн орчимд орон нутгийн цагаар 05:33 минутад М6.8-ийн хүчтэй газар хөдлөлт бүртгэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.