БЗД-ийн 17-р хорооны шинжилгээгээр 50 ТОХИОЛДОЛ бүртгэгдлээ
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос хэсэгчилсэн хөл хорио тогтоосон 17-р хорооны нөхцөл байдлын талаарх тойм мэдээг хүргэлээ. Тус дүүргийн 17-р хорооны шинжилгээгээр 50 тохиолдол илэрчээ.
Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт 2021 оны нэгдүгээр сарын 11-нд сэжигтэй тохиолдол илэрснээс хойш халдварын тохиолдол эрчимтэй өсөж, энэ сарын 13-нд 16 тохиолдол бүртгэгдсэн. Иймээс халдварын голомт тархахаас урьдчилан сэргийлж 2021 оны нэгдүгээр сарын 13-ны А/08 захирамжаар 2021 оны нэгдүгээр сарын 14-16-ныг дуустал Баянзүрх дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт хэсэгчилсэн хязгаарлалтын дэглэм тогтоож, 18-аас дээш насны 6475 иргэнийг PCR шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Үүний дагуу байнгын 4 цэг, явуулын 7 баг ажиллажээ.
Тухайн хорооны иргэдэд зарлан мэдээлэх зорилгоор 30 албан хаагчид 17-р хорооны 2770 өрхөд утсаар мэдээлэл өгч өрх нэг бүрд мэдээлэл өгсөн байна. Мөн боловсролын хэлтсээс 1339 эцэг эх асран хамгаалагчтай утсаар болон цахимаар холбогдож шинжилгээнд заавал хамрагдах мэдээллийг хүргэжээ.
Шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Цэргийн штаб, Боловсролын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой Байдлын Хэлтэс, нийт 230 албан хаагчдыг дайчлан 11 баг болгож айлуудыг гудамж, хаалгаар нь хуваарилж, иргэдийг шинжилгээнд хамрагдсан эсэхийг лавлан өгөөгүй иргэдийг шинжилгээнд хамруулсан. Ийнхүү ажилласны үр дүнд 17 дугаар хорооны 5231 иргэнийг шинжилгээнд хамруулжээ.
17 дугаар хороо нь гэр хороолол, шинжилгээ авахад тохиромжтой объект байхгүй учраас зөөврийн түр 2 байрыг байрлуулан шинжилгээний цэг үүсгэсэн. Мөн ЕБС-ийн сурагчдын автобусыг ашиглаж явуулын шинжилгээ авах 7 баг ажиллуулжээ.
Дээрх ажлуудыг хийсний үр дүнд хөл хорио тогтоосноос өмнө, тогтоосноос хойш нийт 9, 17-р хорооноос нийт 50 тохиолдлыг илрүүллээ. Үүнээс 9-р хорооны 18, 17-р хорооны 32 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед иргэн та үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмээ барьж, заавал QR код уншуулж хэвшээрэй. Ингэснээр та өөрийгөө болон хайртай бүхнээ болзошгүй эрсдэлээс сэргийлж чадна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.