ДЭМБ-ын тэргүүн вакцины нийлүүлэлтэд санаа зовниж байгаагаа илэрхийллээ

ДЭМБ-ын тэргүүн вакцины нийлүүлэлтэд санаа зовниж байгаагаа илэрхийллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус бага орлоготой орнуудад коронавирусний вакциныг хангалттай нийлүүлэхгүй байгаад ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийллээ.

Т.Гебрейесус даваа гарагт болсон ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлийн цахим уулзалтын үеэр ийнхүү хэлжээ. Түүний мэдээлснээр, өндөр орлоготой орнуудад вакцины 39 сая гаруй тунг хийгээд байгаа бол нэгэн ядуу оронд ердөө 25 тунг тарьжээ.

ДЭМБ тэргүүтэй бусад байгууллага вакциныг тэнцвэртэй хуваарилах санаачлага гаргасныг үл харгалзан зарим улс орон, компани хоёр талын гэрээгээ чухалчилсаар байна гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ. Мөн үүний улмаас вакцины үнэ нэмэгдэж байгааг онцолсон байна.

"Дэлхий дахин ёс суртахууны сүйрлийн ирмэгт тулж ирээд байна. Үүний төлөөсийг дэлхийн хамгийн ядуу буурай орнууд иргэдийнхээ амь нас, амьжиргаагаар төлнө" гэж Т.Гебрейесус мэдэгджээ. 
Ядуу орнуудын эмнэлгийн ажилтнууд, өндөр настай хүмүүсээс өмнө чинээлэг орнуудын залуу, эрүүл чийрэг насанд хүрэгчдийг вакцинжуулах нь зүй ёсонд нийцэхгүй гэдгийг мөн онцлон тэмдэглэсэн байна.

Мөн ДЭМБ-ын тэргүүн энэ оны дөрөвдүгээр сарын эхэн гэхэд бүх орон эмнэлгийн ажилтнууд, өндөр настнуудаа вакцинжуулахад бэлтгэлтэй болсон байх чиглэлд дэмжлэг үзүүлэхийг Засгийн газруудад уриалжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.