Нас барсан иргэний 1072 хувьцааг гэр бүлийн гишүүн нь өмчлөх эрхтэй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Эрдэнэс Таван толгой" ХК-аас 1072 хувьцаа, болон компанитай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар 1072 мэдээллийн төв болон цахимаар 80 мянган иргэн бүртгүүлж, 63 мянган иргэн хувьцаагаа шалгажээ.
Сошиал болон 1800-1072 утсаар ирж буй хамгийн түгээмэл таван асуултад “Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 1072 мэдээллийн албаны менежер Э.Баатарцогт хариулт өгсөн юм.
Иргэдийн 40 хувь нь “Би хэдэн ширхэг хувьцаатай байна вэ” гэж асууж байна.
"Хувьцааны тоо ширхгээ иргэд 1800-1072 утсаар, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн цахим хуудсаар, “ETT” гар утасны аппликейшнээр авах боломжтой".
“Нас барсан хүний хувьцааг хэрхэн өвлөж авах вэ”
"СЗХ-ны үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад өвлүүлэх, бэлэглэх тухай шинэчилсэн журмын дагуу 1072 хувьцаа нээлттэй болсон тохиолдолд тухайн гэр бүлийн гишүүн нь өмчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл ногдол ашгийг олгож эхлэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлээд Үнэт цаасны хадгаламжийн төвд хандаж нас барсан иргэний ногдол ашгийг авах боломжтой. Хувьцаа гэр бүлийн гишүүнд шилжсэн бол дараа дараагийн ногдол ашгийг мөн тухайн хүн хүртэнэ".
“Хувьцааны тоо ширхэг яагаад харилцан адилгүй байна вэ”
"Сайн хувьцаа хөтөлбөрөөр олгосон 300 мянган төгрөг, сургалтын төлбөр, хүний хөгжлийн сан, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэрэг иргэд хувьцаагаа олон хэлбэрээр худалдсан. Үүнээс хамаарч иргэдийн хувьцааны тоо 1063, 750, 741, 536 зэрэг харилцан адилгүй байгаа. Иргэд хувьцааны тоонд таарсан ногдол ашгаа авна гэсэн үг".
“Ногдол ашгийг хэзээ тараах вэ”
"Ногдол ашгийг ТУЗ-ын шийдвэрээр тавдугаар сарын 1-ээс хойш олгоно. Хувьцаа эзэмшигчдийн хурал дөрөвдүгээр сарын 24-нд хурал товлогдсон".
“Дансаа хаана нээлгэх вэ”
"Хөл хориотой энэ үед иргэд дансаа онлайнаар нээлгэж болно. Ийм үйлчилгээ үзүүлж буй 11 үнэт цаасны компани байна. Сүүлийн үед фейсбүүкийн мессенжерээр ч данс нээлгэх боломж бүрдсэн. Энэ мэт шинэ технологийг бид дараа дараагийн хэвлэлийн хурлаар танилцуулна" гэсэн юм.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ж.Байгалмаа: “Өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төвд 1 сая 854 мянган иргэн хувьцааны дансаа нээлгэсэн байна. Иргэд манай төвийн цахим хуудсаар хувьцааны тоо, данс нээлгэсэн эсэхээ шалгах боломжтой. Мөн 158989 дугаарт өөрийн регистрийн дугаарыг латинаар бичээд явуулахад таны хувьцааны тоо хэмжээ болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данстай эсэх мэдээлэл танд очно. Данстай бол таны харьяалагдаж буй үнэт цаасны компанийн нэр, хаяг, холбоо барих утас зэрэг мэдээлэл мөн ирнэ. Иргэд үнэт цаасны компанидаа хандаж ямар арилжааны банкаар ногдол ашгаа авахаа баталгаажуулах шаардлагатай. Хэрэв үйлчлүүлдэг банкаа болон дансны дугаараа өөрчилсөн тохиолдолд үнэт цаасны компанидаа мэдэгдэх ёстой”гэв.
Мөн үеэр "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.
"Эрдэнэс Таван толгой" ХК нэгдүгээр сарын 1-нээс хойш 1,6 сая тонн нүүрс экспортолжээ. Харин хоёрдугаар сарын 24-нөөс экспорт зогссон ч компанид санхүүгийн хүндрэл учраагүй. Хэдийгээр компанийн орлого тасалдсан ч монгол хүний эрүүл мэндтэй холбоотой давагдашгүй хүчин зүйл тулгарсан учир компани Засгийн газрын шийдвэрийг дагана гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг онцолсон юм.
Тэрбээр “УОК-оос экспортыг эхлүүлэх бэлэн байдлыг хангахыг үүрэг болгож өндөржүүлсэн бэлэн байдалд тусгай хяналтын дор ажиллах чиглэл өгсөн. "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн тээврийн жолооч нар энэ сарын 15-наас ажилдаа орно. Компани жолооч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах бэлтгэлээ хангаж байна. УОК, ЗТХЯ, УУХҮЯ-ны төлөөлөл энэ долоо хоногт уурхай дээр ажиллана. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэсэн Засгийн газар шийдвэр гаргах бөгөөд компани шийдвэрийг үг дуугүй дагна” хэмээв.
"Эрдэнэс Таван толгой" ХК болон түүний хамаарал бүхий компаниуд болзошгүй санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хэмнэлтийн горимд шилжжээ. Энэ хүрээнд урсгал зардал, цалингийн нэмэгдэл, худалдан авалтаа хязгаарлаж, өргүй болон нэмэлт мөнгөн шилжүүлгээ зогсоох, нүүрсийг урьдчилан борлуулах зэрэг 17 төрлийн арга хэмжээ авч байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.