Монголын бөмбөгтэй хоккейчид Японыг яллаа

Монголын бөмбөгтэй хоккейчид Японыг яллаа

ОХУ-ын Эрхүү хотод явагдаж байгаа бөмбөгтэй хоккейн ДАШТ-д Монголын баг  дараалан ялсаар байна.

Манай шигшээ баг В хэсгийн В-д Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарсан билээ.

Тэмцээний эхний өдөр Сомалийн шигшээг 10:0, Словакийн багийг 4:0 ялсан манай баг өнөөдөр өглөө 10.00 цагт Японы багтай тоглолоо. Энэ тоглолт хоккей сонирхогчдын анхаарлыг тун их татаж байсан. Учир нь япончууд Сомалийн багийг 9:0 бут ниргээд байсан юм.

Харин нэг зүйл сэтгэл зовоож байсан нь өчигдөр манай баг хоёр тоглолт хийсэн бол япончууд ганцхан тоглосон тул ядралт бага байлаа.

Тоглолтын эхний минутууд маш ширүүн тоглолт болохыг харуулсан. Хэн хэн нь алдаа ихтэй, оновчтой довтолгоо хийж чадахгүй байсан ч удалгүй Монголын багийн тоглолт  тогтворжиж, аюултай довтолж эхэллээ. Ихэнх довтолгоо нь булангийн цохилт авснаар дуусаж байлаа. Гэвч булангийн цохилт ашиглаж чаддаггүй Монголын багийн “хууч” дахин хөдөлж, гоол оруулж чадсангүй. Харин Японы баг нэг ч булангийн цохилт авч чадаагүйг хэлэх хэрэгтэй болов уу. Энэ бол манай хамгаалалт сайн байсан гэсэн үг.

23 дахь минутад манай эрчимтэй дотолгоог япончууд дүрэм зөрчин тасалсан тул шүүгч торгуулийн цохилт заалаа. Багийн ахлагч Г.Тамир пенальтиг гоол болгосноор монголчууд хошуучилж эхэллээ.

Япончууд аюултай дайралт хийж чадахгүй байсан ч нэгдүгээр үеийн сүүлд гэнэтийн довтолгоогоор тооны харьцааг тэнцүүлж чадсан.

Хоёрдугаар үеийн эхэнд хамаг тэмцэл талбайн төвд, бөмбөгний төлөө өрнөж байсан ч Г.Тамирын хувийн ур чадвар тоглолтыг шийдэж, 38 дахь минутад ялалтын гоолыг орууллаа. 2:1 харьцаатай ялалт. Шилдэг тоглогчоор Г.Тамир шалгарчээ.

Хэсгээ нэг ч ялагдалгүй, 3 ялалттай тэргүүлж байна. Маргааш 14.00 цагаас манай баг Латвийн багтай тоглоно. 3-р сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхэлнэ.

Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр дасгалжуулагч Б.Жаргал “Багаараа бахархаж байна. Бид В хэсэгт түрүүлэхийн төлөө тоглох болно” гэж ярилаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.