Ажил хайж гучин мянган иргэн бүртгүүлжээ

Ажил хайж гучин мянган иргэн бүртгүүлжээ

ХНХЯ-ны захиргааны статистик мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ.

Үүнээс 18.1 (60.4 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байв. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7 хувь) мянга нь эмэгтэйчүүд юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын харьяа нэгжүүд хэвийн ажилласан ч хөл хорионы улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа алдагдах, иргэд биечлэн үйлчлүүлэх боломжгүйгээс ажил хайгчдын тоо буурчээ.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлуулан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүйгээс бүртгэлээс хасагдав.

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 12 дугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 716 иргэн ажилд зуучлуулан  орсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 152 (51.9 хувь) нь эмэгтэйчүүд аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.