Д.Улам-Оргих: Энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоох шаардлагатай
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд энэ сарын 6-21-нд шилжих саналыг МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт өнөөдөр ажиллах үеэр дээрх саналыг танилцуулсан юм. Судалгаагаар, сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 6-21-нд 16 хоногийн хязгаарлах дэглэм хэрэгжүүлбэл иргэдийн дунд коронавирус тархах эрсдэл 90 гаруй хувиар буурна гэж тооцоолжээ. Хөл хорионы дэглэм хэрэгжүүлэх нь цар тахлыг хумих дэлхий нийтийн шилмэл арга гэдгийг онцолсон байна.
МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих, "Хөл хорио тогтоохгүй бол гуравдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо 3000 давж ачааллаа дийлэхгүйд хүрнэ. Энэ үед хүнд өвчтэй хүнийг хэвтүүлж эмчлэх, хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлах олон улсын жишиг арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Ингэснээр, нийт өвчлөгсдийн хоёр хувь нь амь эрстэх тооцоо гарсан. Хөл хорио тогтоосноор эмнэлгийн ачааллыг 1000 орчим өвчтөнтэй байлгах боломжтой. Өвчтөнүүдийн эндэх эрсдэлийн түвшин багасна" хэмээсэн юм.
Энэ өдрүүдэд хөл хорионы дэглэмийг сулруулбал 2021 оны гуравдугаар сард цар тахлын халдвар нийтийн дунд тархах маш өндөр эрсдэл хүлээж буйг судалгааны дүн харуулж байгаа аж. Шинэчлэн гаргах төлөвлөгөөнд эрдэмтдийн судалгааг харгалзан үзнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.
Дээрх саналыг УОК, Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.