Сар шинийн барилдаанд оролцогчид тусгаарлагдан, бөхийн өргөөнд үзэгчгүй болно
Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос даваа гарагт мэдэгдэл хийж сар шинийн барилдааныг 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах болсноо зарлалаа.
Жил бүрийн уламжлалт сар шинийн барилдаан өнгөрсөн жил “Ковид-19” цар тахлын улмаас цуцлагдаж, энэ жил явагдах эсэх нь тодорхойгүй байсан юм. Харин МҮБХ-ноос сар шинийн уламжлалт барилдаанаа цар тахлын үеийн хатуу чанд дэглэмийг баримтлан зохион байгуулж бөх сонирхогч түмэн олноо цэнгүүлэхээр болсон гэдгээ ийнхүү мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд “Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ-ны 2021 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана. Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөллүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ-ны 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө” гэжээ.
Хавсралтанд зааснаар барилдаанд ажиллах ажиллагсад, жаяг дэгийн баг, барилдах бөхчүүд, заагдсан буудлуудад хоёрдугаар сарын 10-ны 17 цагаас эхлэн тусгаарлагдах юм. Мөн бөхчүүд болон бусад албаны хүмүүс хоёр удаа түргэвчилсэн шинжилгээнд хамрагдахаар заасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.