Монгол шуудан компани, НҮБ-ын “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ” шагнал хүртэв.
“Монгол Шуудан” Хувьцаат компани /ХК/ 2019 оны үйл ажиллагаагаараа НҮБ-ын төрөлжсөн байгууллагын гишүүн дэлхийн 180 орноос “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ”-тэй байгууллагаар шалгарлаа.
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн шуудангийн холбоо /ДШХ/-ноос жил бүр улс хоорондын буухиа шуудангийн үйл ажиллагааг ханган зохицуулдаг EMS-ийн хэрэглэгчид хандсан үйлчилгээний суурь шалгуур үзүүлэлтийг хангасан орнуудын үйл ажиллагааг дахин нарийвчлан дүгнэж “Хэрэглэгчийн шилдэг үйлчилгээ”-тэй байгууллагаар шалгаруулан цом, сертификат олгодог байна.
ДШХ нь 1874 онд байгуулагдсан НҮБ-ын мэргэжлийн төрөлжсөн байгууллага бөгөөд Щвейцарийн Берн хотод төвтэй, дэлхийн 2 дахь олон улсын байгууллага юм. Тус байгууллага эгнээндээ 192 гишүүн орныг нэгтгэдэг, дэлхийн шуудангийн сүлжээ, бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг үетэй нийцүүлж хөгжүүлэх ажлыг дэмжин ажилладаг бөгөөд зөвлөх, зуучлах, хооронд нь холбон зуучлах, шаардлагатай тохиолдолд техникийн туслалцаа үзүүлдэг юм.
ДШХ-ноос бүх нийтийн үйлчилгээний үүргийн зэрэгцээ олон төрлийн нэмэлт үйлчилгээг явуулахад нэгдсэн бодлого зөвлөмжөөр ханган ажилладаг. Үүний нэг болох улс хоорондын буухиа шуудангийн үйл ажиллагааг ханган зохицуулах үүргийг EMS-ийн зөвлөл гүйцэтгэдэг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.