ШУУРХАЙ: Нийслэлд 12 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор шийдвэрлэлээ

ШУУРХАЙ: Нийслэлд 12 хоног ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоохоор шийдвэрлэлээ

Улсын Онцгой комисс сар шинийн өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох асуудлаар хоёр өдөр хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Эрүүл мэндийн яамнаас УОК-т өнөөдөр /2021.02.02/ Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоног тогтоох санал хүргүүлээд байсан. Харин УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог 14 хоног бус 10 хоногоор буюу хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан. Өөрөөр хэлбэл битүүний өмнөх өдрөөс эхлэн шинийн 8-ны дуустал тогтоох нь зөв гэсэн санал гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл УОК-ийн хуралдаанаар уг асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн, холбогдох тооцоо судалгааг гаргаснаар нийслэлд хоёрдугаар сарын 11-нээс эхлэн 12 хоног хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны 06.00 цаг хүртэл хүртэл хөл хорио тогтоохоор болжээ.

Мөн нийслэлд хэсэгчилсэн хөл хорио үр дүнгүй тул бүхэлд нь хөл хорио тогтоох нь зөв гэж үзсэн байна. Учир нь, сар шинийн өдрүүдэд хөл хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй, ингэснээр ахмад настнууд, суурь өвчинтэй иргэдийг эрсдэлд оруулах магадлал өндөр гэж дүгнэж буй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 19 голомт идэвхтэй байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 9 голомтыг дарсан. Энэ нь нийт голомтын 70 хувь нь эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд халдвар нэмэгдэж буй өнөөгийн байдлаас харахад гуравдугаар сарын 7 гэхэд шинээр 4500 халдвар нэмэгдэх тооцоолол гарчээ. Хэрэв ингэвэл эмнэлгийн ачаалал 2000-аар нэмэгдэж, ихээхэн хүндрэл үүсэх юм. Тиймээс өргөн дэлгэр тэмдэглэдэг сар шинийн баяраар хөл хориог нийслэлд бүхэлд нь тогтоож, эрсдлийг бууруулах, цар тахлыг хяналтгүй дэгдэхээс сэргийлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн нийслэлийн өрх бүрээс PCR шинжилгээ авах, аж ахуйн нэгжүүдийг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын стандартуудаа шинэчлэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ.

УОК-ын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах юм.

Дашрамд дурдахад, БНХАУ өнгөрөгч онд Цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэсний улмаас халдварын тархалтыг алдаж, хяналтаас гарч байсан удаатай. Мөн Европын орнууд, АНУ-д ч баяр ёслолтой холбоотой гарсан тархалт өндөр байгаа учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж УОК үзэж буй аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.