Хөл хорио тогтоосон ч, ТУСГАЙ НИСЛЭГҮҮДИЙН ХУВААРЬ өөрчлөгдөхгүй

Хөл хорио тогтоосон ч, ТУСГАЙ НИСЛЭГҮҮДИЙН ХУВААРЬ өөрчлөгдөхгүй

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар энэ сарын 11-23-нд Улаанбаатар хотод хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нар олон нийтэд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хөл хорионы үеэр уул уурхайн ажилтнуудын ээлж солих асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Өнгөрсөн удаа ирсэн нүүрс тээврийн жолооч нар өнөөдрийг хүртэл ажилдаа явж чадаагүй байна?

-С.Амарсайхан: Уул уурхайн ажилтнууд ээлжээр ажилладаг. УУХҮЯ-ны саналаар Сар шинийн баяраас өмнө ээлж солих ажлыг зохион байгуулж байгаа. УУХҮЯ болон хил гаалийн байгууллагаас өдөрт нүүрс тээврийн 900 гаруй автомашин хилээр орж, гарч байгаа тухай мэдээлэл өгсөн. Зөвхөн нүүрс тээвэр гэлтгүй бусад экспорт, импорт хэвийн явна.

-Нийслэлд байгаа PCR шинжилгээний цэгүүдэд иргэд цаг авч очих ёстой. Гэтэл цагтаа очихгүй байх, цаг аваагүй иргэд шинжилгээний цэгийн гадна дугаарлах зэрэг асуудал гарч байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Нийслэлийн хэмжээнд 29 байнгын цэг бий. Цаг аваагүй иргэд очиж дугаарлаж байгаа асуудалд тодорхой зохицуулалт хийнэ.

-Тусгаарлалтад байгаа олон иргэнээс коронавирус илэрч байгаа. Тусгаарлалтад байхдаа халдвар аваад байна уу, эсхүл нууц үе нь дуусаад илэрч байна уу. “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлагдаж байсан 30 гаруй иргэнээс вирус илэрсэн тухай мэдээлэл өчигдөр гарсан?

-Ийм мэдээлэл ирээгүй. Энэ ташаа мэдээлэл.

-Энэ сард 800 гаруй иргэнээ гадаадаас авахаар төлөвлөсөн. Тусгай нислэгийн хуваарьт өөрчлөлт орох уу?

-Тусгай нислэг хуваарийн дагуу явна. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан 10 мянга гаруй иргэн байгаагаас дийлэнх нь БНСУ-д байна. Мөн 345 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бий. Тиймээс хүүхэд багачууд, ахмадууд гээд эрэмбэ дараагаар нь авах зохицуулалт хийнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.