Махны үнэ дээр донсолгоо гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн
Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм. Уг хуулийн төслөөр бол дээрх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний татварыг гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд чөлөөлөх аж. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл өглөө.
-Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарчээ. Ийм арга хэмжээ авах шалтгаан нь юу байв?
-Дэлхий дахинд коронавирусний тархалт эзэгтэй байгаа учраас улс орнууд экспорт, импортын зохицуулалтуудыг хийх шаардлага үүсэж байна. Манай улсын тухайд дотооддоо үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. 100 хувь импортоор авдаг будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах шаардлага үүсэж байна. Энэ бол бүтээгдэхүүний нийлүүлэлтийг зах зээлд нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ шүү дээ. Тиймээс дээрх хуулийн төслийг өнөөдөр (өчигдөр) Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж УИХ-д өргөн барихаар шийдлээ. Ойрын үед өргөн барина. УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхэн дээр үүнийг түргэвчилсэн дэглэмээр хэлэлцэж, баталж өгөх санал тавьж байгаа. Хууль батлагдах хүртэл импортлогчдынхоо үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Засгийн газраас нэр бүхий дээрх бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг хоёр сарын хугацаагаар хойшлуулж тооцож байгаа. Өөрөөр хэлбэл, хууль батлагдаж хүчин төгөлдөр болтол хугацаанд наана нь орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнийхээ татварыг төлөхгүй хүлээж байгаад татварын хууль гарангуут чөлөөлөгдөнө гэсэн үг.
-Гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангахад хэр хэмжээний бараа таваар шаардлагатай байгаа юм бэ?
-Төрөл тус бүрээр нь авч үзье. Монгол Улсын хүн амын гурилын хэрэгцээ жилдээ 225 мянган тонн. Энэ хэмжээний гурил үйлдвэрлэхийн тулд дор хаяж 300 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. 2019 оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд тушаасан улаанбуудай 247 мянган тонн байгаа. Гурилын үйлдвэрт өндөр чанарын шаардлага хангасан улаанбуудай тушаагддаг. Ингээд үзэхээр манайд шаардлагатай гурилыг үйлдвэрлэхэд нэмээд 60 мянган тонн улаанбуудайн хэрэгцээ байна. Тиймээс энэ хэмжээний улаанбуудайг импортоор авах асуудлыг оны эхнээс шийдээд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явсан. Шинэ коронавирусний тархалттай холбоотойгоор ер нь зайлшгүй хүнсний чухал нэр төрлийн бүтээгдэхүүн дээр нөөц бүрдүүлэх асуудлыг шийдэх шаардлага гарсан. Харамсалтай нь, манайд улсын хэмжээний бэлдсэн, бүрдүүлсэн нөөц хомсхон байгаа. Зөвхөн онцгой хэрэгцээнд хэрэглэдэг нөөц л бий. Тийм учраас аюулгүйн нөөц, ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улирлын хэрэгцээг хангаж чадахуйц хэмжээний нөөцтэй байх нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Энэ нөөцийг бүрдүүлэх зорилгоор бид улаанбуудайн үйлдвэрлэл дээр дахиж 100 мянган тонн улаанбуудайг оруулж ирье шийдсэн. Улаанбуудайг оруулж ирэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах тендер зарласан. Хуулийн хугацаагаар энэ сарын 6-ны өдөр нээгдэнэ. Ингээд аж ахуйн нэгжүүд эрхээ аваад улаанбуудайгаа оруулж ирэх асуудлаа зохион байгуулна. Гурилын хувьд зах зээл дээр хомсдол гарна, эрсдэл үүснэ гэсэн ийм болгоомжлол одоогоор байхгүй.
-Улаанбуудайг гаднаас импортолчихдог юм байж. Тэгвэл махны нөөц хэр байгаа бол?
-Энэ жил улсын нөөцөд 12 мянган тонн мах бэлтгэсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр энэ нөөцийн махыг борлуулах ажлыг эхлүүлж байна. Харин үүн дээр нэг яригдаж байгаа асуудал бол хил гаалийн онцгой дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор экспортын үйл ажиллагаа түр саатсан байгаа. Яагаад гэвэл импортлогч тал маань асуудлаа шийдээгүй байна. Энэ үүднээс махны экспорт хязгаарлагдсан. Махны экспортын хувьд өнөөдөр бэлдчихсэн бэлэн нөөц бий. 2020 он гарсаар бид мах экспортлоогүй. Тэгэхэээр энэ хорио цээр тавигдангуут бид албан ёсны зөвшөөрөлтэй, махаа бэлдчихсэн үйлдвэр, аж ахуйн газруудад экспорт хийх эрхийг нь шуурхай олгож, зохион байгуулна. Энэ үйл ажиллагааны тендер зарлагдсан. Аж ахуйн нэгжүүд тодорсон байгаа. Махаа гаргах бүрэн бололцоотой байгаа юм. Үүний цаана бас нэг анхаарах асуудал бол экпортод мах гаргах зөвшөөрөлгүй өөрөөр хэлбэл импортлогч тал нь хүлээж авах болзлыг хангаж итгэмжлэгдээгүй үйлдвэр, аж ахуйн газруудад бэлдчихсэн нэлээд хэмжээний мах байна. Энэ мах бол экспортод гарахгүй. Яагаад гэвэл импортлогч талын болзлыг хангахгүй байгаа. Тийм учраас тэр махыг дотоодын зах зээл дээрээ борлуул гэдэг зөвлөмжийг бид өгч байна. Өнөөдөр 60 гаруй аж ахуйн нэгж дээр ийм бэлдсэн мах байгаа юм билээ. Энэ дотор адуу, үхэр, хонь, ямааны түүхий мах бий. Адууны мах дийлэнх хувийг эзэлж байна. Түүний цаана бас дулааны аргаар боловсруулсан нэлээд мах байгаа. Манай ард иргэд бол дулааны аргаар боловсруулсан махыг дотооддоо хэрэглэх бололцоогүй гэсэн тийм ойлголт байдаг юм билээ. Энэ бол тийм биш. Түүнийг бол дотоодын хэрэгцээндээ гүйцээн боловсруулаад ашиглах бүрэн бололцоотой.
-Махны үнийн хувьд ямар байх бол. Өнгөрсөн жил махны үнэ өсөж байснаас үүдэж нийгэмд багагүй бухимдал үүсээд авсан шүү дээ?
-Махны үнэ барих гэдэг чинь бол тогтвортой байлгах л асуудал шүү дээ. Зохиомлоор махны үнийг тэд байлга гэж болохгүй. Гэхдээ үнэ яаж тогтох вэ гэхээр зах зээл дээр хангамж тогтвортой байвал үнэ тогтвортой л байна. Махны хувьд өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангана. Энэ жил Улаанбаатар хотын хэрэгцээн дээр жишээ авахад өдөр тутам 100 тонноос доошгүй хэмжээний махыг тогтвортой нийлүүлнэ. Ноднин ард иргэдийг бухимдуулж, үнийн донсолгоо үүсэж байх үед ямар нөхцөлтэй байсныг та нар мэдэж байгаа. Тэр үед нөөцөлсөн махны хэмжээ маш бага байлаа. Одоогийнхоос гурав, дөрөв дахин бага байсан. Түүнээс болоод өдөрт үсрээд 60 тонн мах л борлогдож байсан юм. Энэ жил бид тэр хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ. Тийм учраас энэ жил махны хангамж бол тогтвортой байна. Мөн нөөцийн махыг борлуулах үнэ тодорхой байгаа. Нэг ёсондоо борлогдож байгаа махны 80-90 хувь нь нөөцийн мах байна гэсэн үг. Нөөцийн махны үнэд зах зээлийн махны үнэ аяндаа татагдана. Махны үнэ дээр доргио донсолгоо гарахгүй байх нөхцөлийг бид бүрдүүлсэн гэж үзэж байгаа. Зохиомол үнийн хөөрөгдөл үүсвэл бид учир шалтгааныг нь судална. Өнөөдөр бөөний худалдааны цэгүүд болон дэлгүүрүүдэд байгаа махны үнийн түвшинд зааг ялгаа бий. Бөөний худалдааны захууд дээр байгаа бөөнөөр худалдагдаж байгаа махны үнэ, жижиглэнгээр худалдагдаж байгаа үнийн хооронд төрлөөсөө шалтгаалаад 2000-3000 төгрөгийн зөрүүтэй байна. Энэ юунаас болж байна гэхээр жижиглэн худалдах явцдаа махыг ангилж, жижиглэн савлаж боодог. Үүнээс шалтгаалсан зөрүү байгаа. Энэ зөрүүг багасгахын тулд бид одоо нөөцийнхөө махыг нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр аяндаа махны үнэ нөөцийн махны үнэ рүү татагдана.
-Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хувьд?
-Бүх төрлийн буюу цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, хөц будаа гэх мэт бүтээгдэхүүний тухайд бид дотооддоо тариалдаггүй, 100 хувь импортолдог шүү дээ. Ийм учраас эдгээр бүтээгдэхүүний нөөцтэй байх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр нэг, хоёрдугаар сард импортолсон будаа, бөөний болон худалдааны цэгүүд дээр байгаа үлдэгдлийг бид тооцож үзэхэд гурван сарын бэлэн нөөц байна. Бид энэ нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ үүднээс татварын хөнгөлөлт үзүүлэх замаар орж ирэх импортын хэмжээг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлж байна. Ингээд энэ жил дахиад нэмэгдээд ойрын хугацаанд нэлээд хэмжээний будаа импортоор орж ирэх бололцоотой гэсэн ийм судалгаа гарсан. Ингэвэл бид дөрвөөс таван сарын будааны нөөцтэй болох юм. Мөн элсэн чихрийг бид 100 хувь гаднаас импортоор авдаг. Өнөөдрийн байдлаар 1.5 сарын нөөц бий. Гэрээ хэлцэл хийгдээд импортоор орж ирэхээр хүлээгдэж байгаа бараагаа тооцох юм бол бидэнд гурван сарын бүрэн хэмжээний нөөц байна. Цаашдаа үүнийг нэмэгдүүлнэ гэсэн бодолтой байгаа. Дээр нь хуурай сүүний асуудал. Бид ялангуяа өвлийн улиралд дотоодынхоо сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангаж чаддаггүй. Заавал импортын хуурай сүү авч, түүнийгээ найруулж шингэн сүү үйлдвэрлэж хэрэгцээгээ хангадаг. Энэ үүднээс оны эхнээс дөрвөн мянган тоннын импортын зөвшөөрөл өгсөн. Импортлох үйл ажиллагаа явагдаад үйлдвэрүүд маань хэвийн ажиллаж байна. Цаашдаа зайлшгүй нөөц бүрдүүлэх шаардлагыг харгалзан үзэж, нэмж хоёр мянган тонн хуурай сүү импортлох зөвшөөрлийг олгосон. Үүний тендер шалгаруулалт явагдаад үндсэндээ гүйцэтгэгч нь өнөө маргаашгүй тодорно. Ийм учраас хуурай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хомсдол гарахгүй гэсэн тооцоотой байна. Анхаарал татдаг өөр нэг бүтээгдэхүүн бол ургамлын тос. Бас л 100 хувь шахуу импортоос шалтгаалдаг бүтээгдэхүүн. Өнөөдрийн байдлаар хоёроос гурван сарын нөөцтэй гэж бид тооцож байгаа. Нэг, хоёрдугаар сард импортоор орж ирсэн хэмжээ, бөөний худалдааны төв, дэлгүүрүүдэд байгаа үлдэгдлийг тооцож үзэхэд ийм байна. Тийм учраас нөөцөө нэмэгдүүлэх үүднээс ургамлын тос оруулж ирэх зөвшөөрлийг нэмж өгч байгаа. Дээр нь импортыг урамшуулах үүднээс татварыг нь чөлөөлж өгч байна.
-Өндөр үнэтэй улаанбуудай гаднаас худалдаж авах гурилын үнэ нэмэгдэх шалтгаан болохгүй юу?
-Өнөөдөр ОХУ болоод бусад улсуудад улаанбуудайны үнэ өндөр байгаа. Манай дотоодод үйлдвэрлэсэн улаанбуудайны үнээс өндөр байгаа нь үнэн. Тийм учраас ийм өндөр үнээр импортолж оруулж ирвэл дотоодод гурилан бүтээгдэхүүн, гурилын үнэ нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүй. Энэ эрсдлийг багасгах үүднээс Засгийн газар гурил үйлдвэрлэх зориулалтаар оруулж ирж байгаа улаанбуудайн импортын Гаалийн болоод Нэмэгдсэн өртгийн албан татварыг гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30-ны хооронд тэглэх шийдвэр гаргалаа. Гурилын холбоо, үйлдвэрлэгч нартайгаа бидний ойлголцсоноор бол энэ татварыг тэглээд импортыг энэ хэмжээнд оруулж ирснээр дотоодын зах зээлийнхээ үнийг тогтвортой байлгаж чадна гэдгээ тэд бидэнд амалж байгаа.
-Мах, будаа болоод бусад бүтээгдэхүүн дээр зохиомол хомсдол үүсгэсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Ерөнхийдөө манайхны хэлж заншсанаар найман нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ, хангамжийг тогтвортой байлгах арга хэмжээг Засгийн газар онцгой анхаарч байна. Бүх аймгууд өөрсдийнхөө нутаг дэвсгэрт байгаа хүнсний бүтээгдэхүүний нөөцийг тогтоогоод, хангамж нийлүүлэлтээ хянаад зах зээлийн хангамжийг тогтвортой байлгах үйл ажиллагааг Хүнсний хуулийн дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж байгаа. Ямар нэгэн хэлбэрээр хомсдол үүсгэхгүй байх тал дээр төр засаг онцгой анхаарч дээр дурдсан арга хэмжээнүүдийг авсан. Гурваас дөрвөн сарын хугацаанд хомсдол үүсэхгүй байх бололцоо бий. Бараа бүтээгдэхүүнийг хэт нөөцлөх эсвэл зохиомол хомсдол бий болгох, үнийн хөөрөгдөл гаргах, үүнийг далимдуулан дамлан худалдах зэрэг гаж буруу үйлдэл гарах вий гэдгээс урьдчилан сэргийлж бүх шатны хууль хяналтын байгууллага, Засаг даргын Тамгын газрууд, төрийн байгууллагууд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Ийм төрлийн зөрчил гарвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн болон Зөрчлийн хуульд маш тодорхой заачихсан байгаа. Мэдээж, манай орон бол өргөн уудам нутагтай, тархай бутархай суурьшдаг. Хэдийгээр улсын хэмжээнд хангамж, нөөц хүрэлцээтэй боловч тээвэрлэлтээс болоод түгээлт, борлуулалт дээр хүндрэл, бэрхшээл гарах вий гэсэн болгоомжилж байна. Тийм учраас төр засгийн хяналт, зохицуулалт энэ дээр зайлшгүй юм. Энэ зохицуулалтыг бол хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.