Зарим аймагт хаваржилт хүндэрч, МАЛЧИД ТУЙЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
Хөвсгөл, Завхан аймгийн зарим сумдад 80-120 см зузаан цас хунгарлаж, малын бэлчээрт 30-45 см цасан бүрхүүл тогтжээ. Цас ихтэй нутгаар малд өгөх өвс тэжээл хомсдож, цасгүй өвөлжсөн нутгуудад усны хүрэлцээ үгүйлэгдэж байна.
Өнгөрсөн онд Монгол Улс 70.9 сая толгой малтай болж, мал аж ахуй эрхэлж байгаа малчин өрхийн тоо сүүлийн гурван жил дараалан өсөж 170 мянгад хүрсэн. Хоёрдугаар сарын сүүлээр буюу сар шинийн баярын өдрүүдээр орсон их хэмжээний цасны улмаас хаваржилтын нөхцөл байдал хүндэрч, малчид туйлдаж эхлээд байна. Хөвсгөл аймгийн Галт сумын малчин С.Пүрэвжав “Манай сумын нутгаар хаваржилт хүндхэн байна. Шинийн нэгэнд орсон их цасан дээр нэмэгдсээр бага багаар хялмаа үүсэж, шуурч хунгарласан газартаа 50-60 см хүртэл зузаан цас тогтлоо. Жижиг машин явж дийлэхээргүй болсон. Тиймээс суманд очсон хөдөөгийн малчид буцаад гэртээ ирж чадахгүй байна. Малчид цэвэрлэж гаргасан нэг замаараа малаа тууж, тэжээж явна. Ганц, хоёроор малын хорогдол гарч эхэллээ. Өндөр үнээр хивэг автал хуршсан маягтай мал идэхгүй юм. Малдаа намар бэлдсэн өвсөө өгөөд дууссан. Суманд өвс тэжээл олдохгүй байгаа гэнэ. Тиймээс аймаг руу захисан” хэмээлээ.
Хөвсгөл аймгийн галт сумын иргэд уут хивгийг 17 мянган төгрөгөөр, боодол өвсийг 14-15 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа аж. Өвс тэжээлийн үнийг баримжаалахаар Галт сумын өөр нэг малчин Г.Чулуун-Эрдэнэтэй утсаар холбогдлоо. Түүний хэлснээр өвс үнэхээр хүрэлцээгүй байгаа гэнэ. Хэд хоногийн өмнө сум ороход гурван машин өвс ирээд өдөртөө дууссан аж. Тэрбээр дээр хэлсэн дундаж үнийг бататгаад овьёос, будаа 35-40 мянган төгрөгийн үнэтэй байгааг нэмж хэллээ. Хоёрдугаар сарын 28-ны байдлаар Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цэцэрлэг суманд гуу жалгандаа цасны зузаан 60-120 см хүрч, малын бэлчээр 40-45 см цастай, их хэмжээгээр цас ойрхон орсон учраас мөстөж хөр суусан. Шинэ-Идэр, Төмөрбулаг сумын хэд хэдэн багт байдал хүнд, Их-Уул, Рашаантын урд багууд зурваслан хүндэрч байна. Жаргалант суманд 25 мянга, Галт 9084, Цэцэрлэг 1745, Шинэ-Идэр 6010, Төмөрбулаг 5154, Рашаант 3031, Их-Уул 2058, Арбулаг 1300, Тосонцэнгэл 900, Цагаан-Уул 600, Бүрэнтогтох суманд 882 орчим мал хорогдсон гэдгийг тус аймгийн Хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн юм.
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч эхэлсэн өөр нэг аймаг бол Завхан. Өчигдрийн байдлаар тус аймгийн Яруу суманд гэхэд хаваржилт хүндэрч, жижиг тэрэг цасан дундуур явах боломжгүй болжээ. Цагаан сараар шинэлэхээр ирсэн гийчдийн жижиг тэргийг том машинаар татаж зөөвөрлөж байгааг малчид хэллээ. Завхан аймгийн Яруу сумын малчин З.Мөнх-Эрдэнэ “Хангайн нутгаар хаваржилт хүндэрч байна. Говь руугаа гайгүй. Битүүний шөнө цас ороод шинийн нэгний өглөө хаалга нээхэд онгойхооргүй болсон байсан. Манай сумын айл бүрд хоёр боодол өвс, нэг уут хивэг үнэгүй олгож байгаа. Манайд өгсөн. Сумын иргэд Увс аймгаас татсан өвсийг багадаа 10 мянган төгрөгийн үнээр авч байна” гэлээ. Завхан аймагт уут хивэг 17 мянган төгрөг, өвс 14 мянга орчим төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин Улаанбаатар хотод нэгдүгээр сарын дунд үеэр өвс 10-12 мянган төгрөгийн үнэтэй байсан бол одоо 13 мянган төгрөгийн үнэд хүрч, хамгийн гол нь олдоц муудсан, эрэлт их байгааг өвс тэжээлийн худалдагч хэлж байна.
Төвлөрсөн худалдаа явагддаг “5 шар”-ын ойролцоо хивэг тэжээл зардаг худалдагчаас тодруулахад “Алтан тариагийн хивэг 14500, орос хивэг 12000, Улаанбаатар хивэг 12500 төгрөгийн үнээр зарагдаж байгааг хэллээ. Өвсний үнэ хот хөдөөгүй "тэнгэрт хадаж" үнэ нь нэмэгджээ. Хивэгний экспортыг энэ оны нэгдүгээр сард бүрэн зогсоож, тогтсон хямд үнээр худалдаалахыг үйлдвэрлэгчдэд үүрэг болгоод удаагүй байна. Ийнхүү өвлөөс хаврын сард шилжих цагаан сарын өдрүүдээр цас орсны улмаас баруун аймгуудын зарим нутгаар цагаан зуд нүүрлэж, эсрэгээрээ говийн зарим аймагт харын зуд тохиолдох эрсдэл бий болжээ. Өвөрхангай аймгийн говийн сумдад харын зудтай. Мал нь уух усгүйн улмаас худгаас услуулж байгаа аж. Хөвсгөл аймгийн зарим суманд гуу жалгандаа 120 см хүртэл зузаан цас орж, Завхан аймгийн зарим суманд 80 см хүртэл зузаан цас хунгарлаж, мал бэлчээрт гарахад хүндрэлтэй болоод байгааг тодотгоё. Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5500 тонн өвс, 3000 тонн тэжээл шаардлагатай болдог аж. УЦУОСМХ-гийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс хаваржилтын нөхцөл байдлын талаар тодруулахад “2020 оны хоёрдугаар сарын сүүлийн 10 хоногийн байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байна. Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн зарим суманд 10-19 см зузаан цас тогтжээ. Цас ихтэй байгаа нутгуудаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхэллээ. Энэ сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас нийт нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орохоор байна. Сарын эхээр тал хээр говийн нутгаар, сарын дундуур ихэнх нутгаар, сарын сүүлчээр зарим нутгаар үе үе хүчтэй салхилж, цасан болон шороон шуурга шуурна. Цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг онцгойлон анхаарч, цаг агаарын дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаарай” гэж зөвлөсөн юм.
Н.БЯМБАДОРЖ: ТЭЖЭЭЛИЙН ҮНИЙГ 10 ХУВИАР БУУЛГАХААР АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ТОХИРОЛЦСОН
ХХААХҮЯ-наас авсан хаваржилт, өвс тэжээлийн нөөц, тусламж, үнийн талаарх мэдээллийг хүргэе. Энэ талаар Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын мэргэжилтэн Н.Бямбадоржоос тодрууллаа.
-Орон нутагт хаваржилт ямар байна вэ?
-Завхан, Хөвсгөл аймагт харьцангуй их цас орсон. Бусад аймагт дулаахан өвөл боллоо. Өнгөрсөн сарын 20-нд Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан баг Хөвсгөл, Булган, Увс, Завхан аймагт ажиллаж, зудын байдлын үнэлгээ хийсэн. Энэ үеэр Увс аймгийн Малчин, Улаангом, Тэс, Хяргас сум, Завхан аймгийн Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт гэсэн суманд цас ихтэй. “Нийт найман аймгийн 32 сум цагаан зудын байдалтай байна” гэсэн үнэлгээ хийсэн.
-Цас ихтэй аймгуудад хаваржилт хүндрэхээс урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авсан бэ?
-Шадар сайд арга хэмжээ авч улсын нөөцөөс 2300 тонн өвс, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулж дээрх аймгуудад олгосон. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс тэжээлийн экспортыг зогсоосон байгаа. Тиймээс дотоодын үйлдвэрүүдэд тэжээлийн нөөц бий болсон. Тухайлбал, “Улаанбаатар гурил” компанид 2550 тонн тэжээл, “Алтантариа” компанид 1200 тонн тэжээл, “Милл хаус” компанид 1000 тонн тэжээл, “Од групп” компани болон “Өег гурил” компанид тус бүр 300 тонн тэжээл бэлэн байна. Үнийн хувьд 11500-13 мянган төгрөгийн үнээр худалдаалагдана.
-Өвс тэжээлийн нөөц, хүрэлцээ хэр байна вэ?
-Зах зээлд нөөцөлсөн өвс, ногоон тэжээл нэлээд хэмжээгээр байна. Өнөөгийн байдлаар 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл аймаг, сумын аюулгүй байдлын нөөцөд бэлэн байна. Түүнчлэн энэ сард цаг агаар дулаарах төлөвтэй учраас их хэмжээний цастай сумдын цас хайлж борог өвс гарч ирчих болов уу. Энэ өвс нь малын тэжээлийн эх үүсвэрт тодорхой хэмжээнд нэмэртэй.
-Биднийг нэгдүгээр сарын дундуур сурвалжилга хийгээд явж байхад “Хавар боодол өвс 15 мянгад хүрэх төлөвтэй байна” хэмээн малчин, худалдаачид хэлж байсан. Үнийг буулгах тал дээр зохицуулалт хийж байна уу?
-Өвс тэжээлийг гадагшаа гаргахгүй байгааг хэлсэн. Тиймээс дотоодын үйлдвэрийн үнээр худалдаанд гарч байгаа. Цаашид үнэ нэмэгдэхгүй. Саяхан ХХААХҮЯ тэжээл үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж 10 хувиар үнийг нь буулгая гэсэн шийдэлд хүрсэн. Тиймээс худалдаалж байгаа үнээс 10 хувиар тэжээл хямдрах боломжтой болсон.
-Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ хаврын нөхцөл байдал хэр байна вэ?
-Өнгөрсөн жил улсын болон орон нутгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөөс Засгийн газрын 285 дугаар тогтоолд заасан хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжүүд бэлтгэсэн.
-Говийн зарим аймагт харын зуд нүүрлээд байна гэж малчид хэлж байна. Цас ороогүйн улмаас мал усгүйдэж хэдэн худгаасаа ундаалж байгаа сурагтай. Энэ тал дээр ямар зохицуулалт хийж байгаа юм бол оо?
-2019 оны хавартай харьцуулахад энэ оны хавар цас хангалттай орсон. Тиймээс малаа услах гэж олон километрт туудаг байдал харьцангуй багассан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.