Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагыг хэмнэх горимд шилжүүлэв
Монгол мэдээ
Огноо 2021-02-17
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэх горимд шилжүүллээ.
Энэ дагуу, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх юм. Мөн цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, ажилтны ажил, үүргийн хуваарийг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байхыг үүрэг болгов.
Түүнчлэн, олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэрийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх, цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх, цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэхийг байгууллагуудад даалгалаа.
Үүнээс гадна, захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх, албан бичиг хэрэг хөтлөх дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.