"Гэр бүлийн хүчирхийллийг сонссон бол хаалгыг тогш” уриатай өдөрлөг болов.

"Гэр бүлийн хүчирхийллийг сонссон бол хаалгыг тогш” уриатай өдөрлөг болов.

Сүхбаатарын талбайд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ноос эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг "Хаалга" сэдэвт өдөрлөг зохион байгуулав.

МЭХ-ноос “Хаалга” төслийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэрлэх “Асуудлыг асууя” санал асуулгыг бүтэн сарын турш нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд явуулсан байна.

“Асуудлыг асууя” санал асуулгад энэ хугацаанд 28500 орчим иргэд саналаа ирүүлж, хүчирхийлэлтэй холбоотой 450 орчим захидал цугларсан юм. Иргэд хамгийн тулгамдаж байгаа асуудалд архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүл салалт зэрэг асуудлыг хамгийн эхэнд дурджээ.

Энэ бүхнээс гэр бүлийн хүчирхийлэл 2020 онд 16 хувиар өссөн төдийгүй тухайн онд цагдаагийн байгууллагад өдөрт дунджаар 150-200, жилд 50 мянга гаруй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн дуудлага ирсэн байна. Энд онцлоход, тэдний 8 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан тухай ч тэмдэглэгджээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт 87,2 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхэд өртөж, хохирдог бөгөөд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 4 хүн тутмын нэг нь хэн нэгэнд хандаж, хэлж байгаагүй, бусдаас нуудаг гэсэн тоо баримт байгаа юм.

Иймд МЭХ-ноос хаалга бүрийн ард чимээгүй үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг бууруулахын тулд гарц, шийдэл эрэлхийлж, хохирогчдын сэтгэл зүй ямар хэцүү байдгийг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд төв талбайд асуудал тээсэн хаалганууд байрлуулжээ. Тус хаалга бүрд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын захиаг хэвлэн байршуулжээ.

Ийнхүү “Хаалга” акцыг зохион байгуулснаар хаалганы цаана үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх, нийгмийн хэвшмэл ойлголт, тогтсон соёлыг өөрчлөхөд нөлөөлөх, олон нийтийн хүчирхийллийг үл тэвчих мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах олон өөрчлөлтийг авч ирнэ хэмээн үзэж буй юм.

“Хаалга” үйл ажиллагааг МЭХ-ны 21 аймгийн салбарууд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна. Гэр бүлийн хүчирхийлэл нь далд явагдахын зэрэгцээ, давтагддаг, давтагдах бүрдээ шинж чанарын хувьд улам ноцтой болдог нийгмийн хамгийн ноцтой асуудал болоод байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.