Эрчим хүчний сайд орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулав,
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2021 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах хүрээнд хамтран ажиллах юм.
Эрчим хүчний салбарт 2021 онд дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх, 10 аймгийн төвд барих дулааны станцуудын гүйцэтгэгчийг шалгаруулах, Дэлхий банкны “Эрчим хүчний төсөл-2” төсөл, АХБ-ны банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн ажлыг үргэлжлүүлэх юм.
Мөн Дорнод аймгийн ДЦС-ын 50 МВт өргөтгөл, “Таван толгой” ДЦС-ын барилга угсралт, Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтыг эхлүүлнэ. Эрдэнэтийн ДЦС-ын 35 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 85, Дорнод аймгийн ДЦС-ын 50 МВт өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 37 хувьтай байна.
Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.