Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, тус Байнгын хорооны даргад Ж.Мөнхбатыг нэр дэвшүүллээ.
Байнгын хорооны даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.
Нэр дэвшигч Ж.Мөнхбат нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2020 оноос УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, нэр дэвшигч Ж.Мөнхбат гишүүн нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын үүрэгт ажлыг сайн хийж, олон чухал шийдвэр гаргуулсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна гээд, УИХ-д олон удаа сонгогдсон туршлагатай, тулхтай гишүүний хувьд Н.Энхболдыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргав. Гэвч Н.Энхболд гишүүн нэрээ татаж, намын бүлгээс нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Ингээд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Сүхбаатар нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Н.Энхболд үг хэлж байр сууриа илэрхийлэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасны дагуу гар өргөж санал хураахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Нэр дэвшигчийг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулж Байнгын хорооны даргаар сонгох, эсэхийг шийдвэрлэх юм.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.