Гадаадын иргэд хөрөнгө оруулалтын ангиллын виз авах сонирхол их байна
Засгийн газраас баталсан квотын дагуу гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн аж ахуйн нэгж байгууллагууд тухайн иргэдээ хаана, юу хийж байгааг мэдэхгүй байгаа тул тэдгээрт зөвшөөрөл дахин олгохгүй байх саналыг ГИХГ-аас зохих газарт нь хүргүүлээд байна.
Тус газраас Монгол Улсад оршин сууж байгаа хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаадын иргэдийг хянаж шалгахад зургаан аж ахуйн нэгжтэй холбоотой зөрчил илэрчээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд, зарим нь Тэрэлжийн барилга дээр ажиллана гэсэн ч очоогүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллах иргэд нийслэлийн ХУД-т самрын үйлдвэрт ажиллаж байжээ.
Мөн нэг аж ахуйн нэгж 80 гаруй хүн оруулж ирээд 40 нь хаана байгааг мэдэхгүй байх жишээтэй. Үлдсэн иргэдээс нь мөнгө аваад, тухайн салбар луугаа өөрсдөө яв гээд зоргоор нь орхиж.
“Мөнх сити хаус” компани Монгол руу ажилтан гаргах зарыг БНХАУ-ын Эрээн, Хөх хотод вичатад тавьж, иргэдээс 18-25 мянган юан буюу 20-иод сая төгрөг авсан зөрчил илрэв. Энэ иргэд визээ солиулах хүсэлт гаргасанд ГИХЯ тухайн компанийн нэрэээр үйл ажиллагаа явуулаад буцахыг шаардаж байгаа аж.
Монгол Улсын хэмжээнд одоогоор гадаадын хөрөнгө оруулалтын визээр 1289 хүн оршин сууж байна. Гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх визээр орж ирчихээд, ангиллаа өөрчлөн, хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргадаг байна. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын визтэй бол харьцангуй хөнгөлөлттэй, татвараас чөлөөлөгдөн, удаан хугацаагаар оршин суух бололцоотой аж.
Хөрөнгө оруулалтын визээр амьдарч байгаа иргэд бодит хөрөнгө оруулагч мөн эсэх нь эргэлзээтэйг ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр хэвлэлийн хурлын үеэр онцлов. Учир нь энэ иргэд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар 100 мянган ам доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан эсэх, үйл ажиллагаа явуулж, ажиллах иргэддээ цалин олгодог, татвар нийгмийн даатгал төлдөг нь тодорхойгүй аж.
Тэрбээр, “Хөрөнгө оруулагч мөн нь баттай хүмүүсийн визний хугацааг сунгаж, хөрөнгө оруулж, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй хүмүүсийн визний ангиллыг цуцалж байна. Хөрөнгө оруулалтын визний ангилал авахыг хүссэн иргэд таньж мэдэх хүмүүсээр дамжуулж ханддагаас мөнгөтэй холбоотой хууль бус үйлдэл бүртгэгдэж байгаа”-г анхаарууллаа.
Гадаадын 4000 гаруй иргэн Монголын боловсролын салбарт багшаар ажиллаж, зам гүүр, барилга, бүтээн байгуулалтад ажиллахаар өнгөрсөн онд орж иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.