Б.Цагаанбаатар “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүнэ.
Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга Бямбаагийн Цагаанбаатар “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг албан ёсоор шүүх эрхтэй болжээ.
Тус тэмцээнд олон улсын 27 шүүгч томилогдон ажиллах юм байна. Азийн триатлоны холбоо /ASTC/-ны ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг Техникийн хорооны дарга, ASTC-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2019 онд 4 жилийн хугацаатай томилсон юм.
Азийн триатлоны холбооны Конгресс 2019 оны 6 дугаар сарын 19-нд БНСУ-ын Гёнжүд хуралдаж, сонгууль явагдсан бөгөөд Монгол Улсын төлөөлөл Б.Цагаанбаатар тус холбооны Техникийн хорооны гишүүнээр /бүрэлдэхүүндээ 7 гишүүнтэй/ хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Техникийн хорооны гишүүдийн анхдугаар хурал 6 дугаар сарын 22-нд Гёнжүд болж, Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг гаргаснаар ийнхүү тус хороог тэргүүлэхээр болсон билээ.
Азийн триатлоны холбооны Техникийн хороо нь Ази тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад техникийн дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцаж ажилладаг байна.
Б.Цагаанбаатар нь 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ /Лондон/, 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадам, Дохад болсон дэлхийн элсний наадмын Триатлоны АШТ болон ДЦАШТ-д тус тус шүүгчээр ажилласан юм.
Азийн цомын тэмцээнд 5 удаа ерөнхий шүүгчээр, 2 удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан туршлагатай билээ. Тэрбээр Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.